Иошуа 6:15-23

Иошуа 6:15-23 АБ2013

Долоо дахь өдөр тэд өглөө эрт үүр цайх үед босож, өмнөх маягаараа хотыг долоон удаа тойров. Гагцхүү тэр өдөр л тэд хотыг долоон удаа тойрчээ. Долоо дахь удаагаа тойрох үед тахилч нар бүрээгээ үлээхэд Иошуа ард олонд —Уухайлан хашхирцгаа! Учир нь ЭЗЭН та нарт энэ хотыг өгсөн. Хот болон түүн доторх бүх юмс нь ЭЗЭНийх. Энэ хот хориг цээр дор байх болно. Бидний явуулсан элч туршуулуудыг нуусан янхан эм Рахаб болон түүнтэй хамт гэрт нь байгаа бүх хүн л амьд үлдэнэ. Харин та нарын хувьд гэвэл, хориг цээртэй зүйлсэд шунаж тэдгээрээс аваад Израилийн хуаранг цээрлэлд хүргэж, түүнд лай тарихаас сэрэмжил. Харин бүх мөнгө, алт, мөн хүрэл ба төмөр эд зүйлс нь ЭЗЭНд ариун билээ. Тэр нь ЭЗЭНий эрдэнэсийн санд орох ёстой гэлээ. Тийнхүү ард олон уухайлан хашхирч, тахилч нар бүрээнүүдээ үлээв. Хүмүүс бүрээн дууг сонсоод маш чангаар уухайлсанд хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ урагш давшин хот уруу орж, тэд хотыг эзлэн авав. Тэд хотод буй бүхнийг, тухайлбал эр эм, хөгшин залуу гэлгүй мөн үхэр, хонь ба илжгүүдийг илдний ирээр бүрмөсөн устгав. Иошуа уг нутгийг тагнасан хоёр хүнд —Янхан эмийн гэрт очиж, түүнд андгайлсныхаа дагуу тэр эмэгтэйг болон түүнд хамаарах бүхнийг тэндээс гарган авчир гэлээ. Ингээд туршуул залуучууд дотогш орж Рахаб, түүний эцэг эх, ах дүү нарыг хийгээд түүнд байсан бүхнийг авч ирэв. Тэд мөн түүний бүх хамаатныг авчирч, Израилийн хуарангийн гадна талд байрлуулав.