Иошуа 18:11-28

Иошуа 18:11-28 АБ2013

Бениамины хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу шавга буулаа. Тэдэнд шавгаар ногдсон нутаг нь Иуда болон Иосефын хөвгүүдийн овгийн нутгийн завсарт байв. Тэдний хилийн шугам нь хойд талаараа Иорданаас эхэлж, Иерихогийн хойд тал уруу өгсөж гараад, баруун зүгт уулархаг нутгийг дамжин өгсөж, Бет-Авены цөлд ирэн төгсөж байв. Энэ нь улмаар Луз хүртэл (энэ нь Бетел) үргэлжлэн өмнөд бэлээр нь гарч, доод Бет-хороны өмнө талд орших уулын дэргэдэх Атарот-Аддар уруу уруудсан байв. Эндээсээ уг хил Бет-хороны өмнө зүгт орших уулаар дамжин баруун талаар нь өмнө зүгт эргэн, Иудагийн хөвгүүдийн хот Кириат-баалд (энэ нь Кириат-иеарим) ирээд төгсөж байв. Энэ нь баруун тал нь байлаа. Өмнөд тал нь Кириат-иеаримын баруун захаас эхлэн Нефтоагийн ус булгийг хүртэл баруун тийш явсан байлаа. Тэгээд уг хил Рефаимын хөндийн хойно байдаг Бен-хинномын хөндийд орших уулын хормой хүртэл уруудаад, иебусчуудын бэлийн өмнөд талаар дамжин Хинномын хөндий болон Ен-рогел уруу үргэлжилж байв. Энэ нь хойд зүг уруу сунан, Ен-шемеш уруу явж, Адуммимын өгсүүрийн эсрэг орших Гелилот тийш үргэлжлэн, Реубений хүү Боханы хад уруу уруудсан байлаа. Тэгээд тэндээсээ Бет-Арабагийн хойд бэлээс үргэлжлэн, доошоо Араба уруу явсан байв. Уг хилийн шугам Бет-хоглагийн хойд бэлээр, Иорданы өмнөд адагт ирэн, Давст тэнгисийн хойд тохойд төгсөж байв. Энэ нь өмнөд хил нь байлаа. Түүнээс гадна, Иордан гол зүүн хил болж байв. Эдгээр нь Бениамины хөвгүүдийн овгийн бүх ургийн дагуу хуваасан өвийн эргэн тойрны нийт нутгийн хил нь байлаа. Бениамины хөвгүүдийн овгийн ураг ургийн дагуу ногдсон хотууд нь: Иерихо, Бет-Хогла ба Емек-кезиз, Бет-Араба, Земараим ба Бетел, Аввим, Пара ба Офра, Хефар-аммони, Офни ба Геба зэрэг арван хоёр хот, тосгодынхоо хамт, Гибеон, Рама ба Беерот, Мизпа, Хефира ба Моза, Рекем, Ирпеел ба Тарала, Зела, Хаелеф ба иебусчуудын хот (энэ нь Иерусалим), Гибеа ба Кириат зэрэг арван дөрвөн хот, тосгодынхоо хамт байв. Энэ нь Бениамины хөвгүүдийн ураг ургийн дагуу ногдсон хотууд буюу тэдний өв билээ.