Иошуа 10:1-15
Иошуа 10:1-15 АБ2013
Иошуа, Аиг эзлэн авч, түүнийг бүрмөсөн устгасан (Иерихо болон түүний хааныг хэрхсэнийхээ адилаар Аи болон түүний хаанд Иошуа тийн хандсан.) мөн Гибеоны оршин суугчид Израильтай энхийн гэрээ байгуулж, израильчуудтай нэгдсэнийг Иерусалимын хаан Адони-зедек сонсоод, тэр ихэд айн түгшив. Учир нь Гибеон бол хаан хотуудын адил агуу том хот бөгөөд Аигаас ч том, бүх эрчүүд нь ч хүчирхэг байсан юм. Иймээс Хеброны хаан Хохам, Иармутын хаан Пирам, Лахишийн хаан Иафиа болон Еглоны хаан Дебир нарт Иерусалимын хаан Адони-зедек хэл хүргүүлэхдээ — Наашаа ирж, Гибеоныг цохиход надад туслагтун. Учир нь тэд Иошуа ба Израилийн хөвгүүдтэй энхийг тогтоожээ гэв. Тэгтэл Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны хаад болох аморичуудын таван хаан бүх цэрэгтэйгээ хуран цугларч, Гибеоны ойролцоо байрлан, тэр хотын эсрэг хөдлөв. Тэгэхэд Гибеоны эрчүүд Гилгалын хуаран уруу, Иошуад хэл хүргүүлэхдээ —Та зарц нараа бүү хөсөр хаяач. Уулаар нутагтай аморичуудын бүх хаан бидний эсрэг нэгдээд байгаа учраас бидэн дээр даруйхан ирж, биднийг авран туслаач гэв. Тиймээс Иошуа бүх дайчид болон хамаг эрэлхэг хүчит эрчүүдтэйгээ Гилгалаас хөдлөв. Мөн ЭЗЭН, Иошуад —Тэднээс бүү ай. Учир нь Би тэднийг гарт чинь өгсөн. Тэдний нэг нь ч та нарыг сөрөн зогсож чадахгүй гэж айлдлаа. Тийнхүү Гилгалаас жагсан шөнөжин алхсаар, Иошуа тэдний дээрээс гэнэт буув. ЭЗЭН тэднийг Израилийн өмнө балмагдуулав. Гибеонд тэд үй олноороо хядуулж, Бет-хорон уруу өгссөн замаар зугтав. Азека болон Маккеда хүртэл тэд цохигдов. Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр том чулууг тэнгэрээс Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Чулуун мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас олон байлаа. ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа, ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө хэлэхдээ Өө нар минь, Гибеон дээр, Өө сар минь, Аиалоны хөндийн дээр тогтооч гэв. Тийнхүү ард олон дайснаасаа өшөөгөө автал нар тогтож, сар эс хөдлөв. Ийнхүү нар тэнгэрийн тэхий дунд тогтож, Бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй. Энэ нь Иашарын номд бичигдсэн бус уу? Үүнтэй адил, хүний дууг ЭЗЭН сонссон өдөр үүний урьд ч, үүнээс хойш ч байсангүй. Учир нь ЭЗЭН Израилийн төлөө дайтсан юм. Дараа нь Иошуа болон бүх Израиль Гилгал дахь хуарандаа буцав.