Иов 9:15-35
Иов 9:15-35 АБ2013
Хэдийгээр би зөв байсан ч Хариулж чадахгүй байсан. Шүүгчийнхээ өршөөлийг би гуйх ёстой байж. Хэрэв би дуудаж, Тэр надад хариулсан бол Дуу хоолойг минь Тэр сонссон гэдэгт Би итгэж чадахгүй байх байсан. Учир нь Тэр намайг шуургаар довтолж, Шалтгаангүйгээр шархнуудыг минь олшруулав. Тэрээр амьсгаа авахыг ч надад зөвшөөрөлгүй, Харин уй гашуугаар намайг дүүргэдэг. Хүчний тухайд, Харагтун, Тэрээр Хүчит Нэгэн юм! Шударга ёсны хувьд, Түүнийг хэн дуудаж чадах вэ? Би хэдий зөвт ч гэсэн Миний ам намайг буруутгах болно. Би хэдийгээр өөлөх өөгүй ч Тэр намайг буруутай гэж тунхаглах болно. Би гэм буруугүй. Амь голоо үл бодов, би Амьдрал юугаа жигшив, би Энэ бүгд нэг бус уу. Иймээс би “Тэрээр өөлөх өөгүйг ч, гэм буруутанг ч устгадаг” гэж хэлдэг. Хэрэв гамшиг гэнэтийн үхлийг авчирдаг бол Гэмгүй нэгний цөхрөлийг Тэр элэглэдэг юм. Газар дэлхий буруутуудын гарт өгөгдсөн юм. Тэрээр шүүгч нарынх нь нүүрийг бүтээдэг. Хэрэв Тэр л биш бол Өөр хэн байх билээ? Миний өдрүүд ямар ч гүйгчээс илүү хурдан урсана. Тэд зугтан одож, сайныг эс үзнэ. Энэ нь хулсан завинууд мэт хурднаар, Олзонд шумбан дайрах бүргэд мэт шалмагаар өнгөрөн оддог. Хэдийгээр би “Би гомдолоо мартаж, Гунигт төрхөө орхиж, хөгжөөнтэй байя” гэж хэлдэг ч Би бүх өвчин зовлонгоосоо айдаг. Учир нь Та намайг гэмгүй гэж тооцохгүй гэдгийг би мэднэ. Би шийтгэгдэнэ, Тэгэхээр дэмий зүтгэж яах юм? Өөрийгөө цас мэт хөөсрүүлэн угааж, Гараа шүлтээр цэвэрлэлээ ч, Та намайг нүхэнд унагаж Хувцас минь надаас ой гутах биз ээ. Учир нь Тэрээр хүний хүү биш ээ. Миний асууж болох, Хамтдаа тэгээд шүүх уруу явж болох Над шиг хүн биш билээ. Бид хоёрын аль алин дээр гараа тавих Шүүгч гэж бидний дунд үгүй. Тэр саваагаа надаас холдуулж, Түүний аюумшиг намайг эс түгшүүлэг! Тэгвэл би Түүнээс эмээлгүй ярихсан. Учир нь би дотроо иймэрхүү биш гэдгээ мэдэх билээ.