Иов 38:1-18
Иов 38:1-18 АБ2013
Тэгтэл ЭЗЭН хуй салхин дундаас Иовд хариулан —Ухаангүй үгсээрээ зорилго төлөвлөгөөг минь сөрдөг хэн юм бэ, чи? За, бэлхүүсээ чанга бүсэл. Эр хүн шиг зогс. Чамаас Би асуух бөгөөд Чи Надад мэдүүлж өг. Газар дэлхийн суурийг тавихад минь чи хаана байв аа? Мэддэг бол Надад хэлээч. Хэмжүүрүүдийг нь хэн тогтоосон бэ? Чи мэддэгээс хойш, Хэн дээр нь шугам татсан бэ? Түүний сууриуд юун дээр тогтсон бэ? Түүний булангийн чулууг хэн тавьсан юм бэ? Тэгэхэд өглөөний одод хамтдаа дуулцгааж, Тэнгэрлэг биес бүгд баярлалдан уухайлсан. Эсвэл хэвлийгээс оргилж гарахад нь Хэн далайг хаалга хатавчаар хязгаарласан бэ? Тэгэхэд Би үүлийг түүний хувцас, түнэр харанхуйг түүний өлгий болгож Мөн түүнд хил таслан өгч, хаалга хөндлүүдийг нь тавьж, “Энэ хүртэл чи ирэгтүн, Эндээс цаашилж болохгүй. Омголон давалгаанууд чинь энд зогсох болно” гэж Би айлдсан билээ. Амьдралдаа чи өглөөд тушааж, Үүрийн гэгээнд байрыг нь мэдүүлж байв уу? Тэр нь газар дэлхийн хязгаараас зууран авч, Тэндээс гэм буруутнуудыг сэгсэрч хаяв. Тэр нь лацанд даруулсан шавар шиг өөрчлөгдсөн. Тансаг өнгөтэй хувцас мэт болсон. Гэм буруутнаас гэрэл гэгээ нь авагдсан. Бардамнан өргөсөн гар нь хугарсан. Тэнгис далайн ундаргад чи нэвтэрч үзсэн үү? Оёоргүй гүний цүнхээлд алхсан уу? Үхлийн үүд хаалга чамд илэрхийлэгдэж байсан уу? Үхлийн харанхуйн хаалгуудыг чи харсан уу? Газар дэлхийн хэмжээ өргөнийг чи ойлгосон уу? Хэрэв энэ бүгдийг мэддэг бол чи хэлээч.

