Иохан 9:24-41
Иохан 9:24-41 АБ2013
Фарисайчууд сохор байсан хүнийг хоёр дахь удаагаа дуудаад, түүнд —Бурханд алдрыг өргө. Тэр хүн нүгэлтэйг бид мэднэ гэсэнд тэр —Түүний нүгэлтэн эсэхийг би мэдэхгүй. Би нэг л юмыг, сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна гэв. Тэд түүнээс —Тэр чамд юу үйлдсэн юм? Тэр нүдийг чинь яаж нээсэн юм бэ? гэж асуухад — Би та нарт хэдийнээ хэлсэн, та нар сонсоогүй. Юунд та нар дахин сонсохыг хүсэв? Та нар бас Түүний дагалдагчид болохыг хүсэж байгаа юм биш биз? гэв. Фарисайчууд түүнийг хараан зүхэж —Чи л Түүний дагалдагч байна. Харин бид Мосегийн дагалдагчид. Мосед, Бурханы айлдсаныг бид мэднэ. Харин Түүнийг хаанаас ирснийг нь ч бид мэдэхгүй гэсэнд өнөөх хүн —Тэр нүдийг минь нээсэн байтал та нар Түүнийг хаанаас ирснийг нь ч мэдэхгүй байгаа нь гайхалтай юм байна. Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй, харин Бурханаас эмээж, хүслийг нь үйлдэгч хүнийг сонсдогийг бид мэднэ. Төрөлхийн сохор хүний нүдийг нээснийг цаг хугацааны эхлэлээс хойш хэн ч сонсоогүй. Энэ хүн Бурханаас ирээгүй юм бол Тэр юу ч хийж чадахгүй байх байсан гэлээ. Тэд —Гэм нүгэлд төрсөн атлаа бидэнд заах нь уу чи? гээд түүнийг хөөн гаргав. Иудейчүүд тэр хүнийг хөөн гаргасныг Есүс сонсоод, түүнийг олж —Чи Хүний Хүүд итгэж байна уу? гэхэд тэр —Эзэн минь, Тэр хэн бэ? Би Түүнд итгэе гэв. Есүс —Чи Түүнийг харсан. Одоо чамтай ярьж байгаа нь Тэр мөн гэлээ. Тэр —Эзэн, би итгэж байна гээд Түүнд мөргөв. Есүс түүнд —Би энэ ертөнцөд шүүлтийн төлөө ирсэн нь хардаггүйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм гэж айлдав. Есүстэй хамт байсан зарим фарисайчууд үүнийг сонсоод, Түүнд —Бид бас сохор байх нь уу? гэхэд Есүс тэдэнд —Хэрэв та нар сохор байсан бол нүгэлгүй байхсан. Гэтэл та нар “Бид харж байна” гэж ярьдаг тул нүгэл чинь байсаар л байна гэлээ.