Иохан 9:1-23
Иохан 9:1-23 АБ2013
Есүс явж өнгөрөхдөө төрөлхийн сохор хүнийг харжээ. Шавь нар нь Түүнээс —Рабби, хэн нүгэл үйлдсэнээс энэ сохор төрсөн юм бэ? Энэ өөрөө юү? Эцэг эх нь үү? гэж асуусанд Есүс —Энэ ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ бол Бурханы үйлсийг түүгээр харуулахын тулд юм. Намайг Илгээгчийн үйлсийг Би өдөр байхад хийх ёстой. Хэн ч ажиллаж чадахгүй шөнө ирж байна. Би ертөнцөд байгаа үедээ ертөнцийн гэрэл байна гэж хариулав. Ингэж хэлээд, Тэр газар нулимж, шүлсээрээ шавар зуурч, сохрын нүдийг шавраар шаваад — Яв. Силоамын (орчуулбал «Илгээгдсэн») цөөрөмд угаа гэв. Тэр явж, угаагаад хараатай болоод эргэж иржээ. Урьд түүнийг гуйлгачин байсныг харсан хүмүүс болон хөршүүд нь —Энэ чинь гуйлга гуйж суудаг нөгөөх биш үү? гэхэд зарим нь —Тэр мөн байна гэцгээв. Бусад нь —Үгүй, түүнтэй төстэй юм байна гэсэнд тэр өөрөө —Тэр чинь би байна гэж хэлэв. Тэд түүнээс —Тэгвэл нүд чинь яаж нээгдсэн юм бэ? гэж асуусанд тэр —Есүс гэдэг хүн шавар зуурч, нүдийг минь шаваад, надад “Силоам уруу яваад, угаа” гэж айлдсан. Тэгээд би явж, угаагаад хараатай болсон гэж хариулав. Тэд —Тэр хаана байна? гэсэнд тэр —Би мэдэхгүй гэлээ. Урьд нь хараагүй байсан өнөөхийг тэд фарисайчууд дээр авч ирэв. Есүс Амралтын өдрөөр шавар зуурч, нүдийг нь нээсэн байжээ. Тэгтэл фарисайчууд түүнээс хэрхэн хараатай болсныг нь дахин асуусанд тэр —Нүдийг минь Тэр шавраар шавсан. Би угаагаад, тэгээд л харж байна гэхэд фарисайчуудын зарим нь —Энэ хүн Амралтын өдрийг сахидаггүй учир Бурханых биш гэв. Зарим нь —Нүгэлт хүн тийм тэмдгүүдийг хэрхэн үйлдэж чадах билээ? гэлээ. Тэгээд тэдний дунд хагарал гарав. Тиймээс тэд сохорт дахин —Тэр чиний нүдийг нээсэн учраас Түүний тухай чи юу хэлэх вэ? гэхэд тэр —Тэр бол эш үзүүлэгч гэв. Тэгээд түүнийг сохор байж байгаад хараатай болсонд нь иудейчүүд итгэсэнгүй, хараатай болсон хүний эцэг эхийг дуудахад хүрчээ. Тэд эцэг эхээс нь —Сохор төрсөн гэж та нарын ярьдаг хүү чинь энэ мөн үү? Тэгвэл одоо тэр яаж харж байна? гэж асуув. Эцэг эх нь тэдэнд —Энэ хүү маань мөн гэдгийг болон сохор төрснийг нь бид мэдэж байна. Харин одоо тэр яаж харж байгааг бид мэдэхгүй. Нүдийг нь хэн нээснийг ч бид мэдэхгүй. Өөрөөс нь асуу. Тэр нас биед хүрсэн. Тэр өөрөө хэлэг гэв. Эцэг эх нь иудейчүүдээс айсан тул тэгж хэлжээ. Есүсийг Христ мөн гэж хүлээн зөвшөөрсөн хүн синагогоос хөөгдөх ёстой гэж иудейчүүд нэгэнтээ шийдсэн байлаа. Тиймээс эцэг эх нь “Тэр нас биед хүрсэн, өөрөөс нь асуу” гэжээ.