Иохан 8:37-59

Иохан 8:37-59 АБ2013

Та нар бол Абрахамын үр удам гэдгийг Би мэднэ. Гэвч та нарын дотор Миний үг байх зайгүй учир та нар Намайг алахыг оролдож байна. Эцэгтэйгээ байхдаа харсан зүйлсээ Би ярьдаг. Та нар ч гэсэн эцгээсээ сонссон зүйлсээ л үйлддэг шүү дээ гэв. Тэд Түүнд —Бидний эцэг бол Абрахам гэсэнд Есүс тэдэнд —Хэрэв та нар Абрахамын хүүхдүүд байсан бол Абрахамын үйлдсэнийг үйлдэхсэн. Гэтэл Бурханаас үнэнийг сонсоод, та нарт хэлсэн Хүнийг буюу Намайг одоо та нар алахыг оролдож байна. Абрахам ийм юм хийгээгүй. Та нар эцгийнхээ үйлсийг л хийж байна гэж айлдсанд тэд Түүнд —Садар самуунаас бид төрөөгүй. Бидэнд Бурхан хэмээх нэг л Эцэг байгаа гэв. Есүс тэдэнд —Хэрэв Бурхан та нарын Эцэг байсан бол та нар Намайг хайрлах байсан. Би Бурханаас ирсэн билээ. Би Өөрөө ирээгүй, харин Тэр Намайг илгээсэн юм. Миний юу хэлж байгааг та нар яагаад ойлгохгүй байна вэ? Энэ нь та нар үгийг минь сонсож чадахгүй байгаагийн учир юм. Та нар эцэг диаволаасаа гаралтай тул эцгийнхээ хүслийг үйлдэхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд түүнд үнэн үгүй тул үнэн дотор зогсдоггүй. Тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг учир худал хэлэхдээ чухам өөрөөсөө хэлдэг. Харин Би үнэнийг хэлдэг тул та нар Надад итгэхгүй байна. Намайг нүгэлтэй гэж нотлох хүн та нарын дотор байна уу? Тэгвэл Би үнэнийг хэлэхэд та нар яагаад Надад үл итгэнэ вэ? Бурханых нь Бурханы үгсийг сонсдог. Та нар Бурханых биш учир үүнийг сонсдоггүй гэлээ. Иудейчүүд Түүнд —Та бол Самарийнх, Танд чөтгөр шүглэсэн гэж бид зөв хэлсэн бус уу? гэцгээхэд Есүс —Надад чөтгөр шүглээгүй. Харин Би Эцэгээ хүндэтгэдэг, та нар Намайг хүндэтгэдэггүй. Гэвч Би Өөрийн алдрыг хайдаггүй. Харин хайдаг, шүүдэг Нэгэн бий. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үгийг минь сахидаг хүн үхлийг хэзээ ч үзэхгүй гэсэнд иудейчүүд Түүнд —Чөтгөр шүглэснийг чинь одоо мэдлээ. Абрахам мөн эш үзүүлэгчид ч үхсэн. Та тэгэхэд “Хэрэв хүн үгийг минь сахивал үхлийг хэзээ ч амсахгүй” гэж хэлж байна. Бидний өвөг Абрахам ч үхсэн. Түүнээс ч Та агуу юм уу? Бас эш үзүүлэгчид ч үхсэн. Та Өөрийгөө хэн болгоод байна? гэв. Есүс —Хэрэв Би Өөрийгөө алдаршуулбал Миний алдар юу ч биш. Харин Намайг алдаршуулдаг нь Эцэг минь бөгөөд та нар “Тэр бидний Бурхан” гэдэг шүү дээ. Та нар Түүнийг таньсангүй. Харин Би Түүнийг мэднэ. Хэрэв Би Түүнийг мэдэхгүй гэж хэлбэл Би та нартай адил худалч болно. Харин Би Түүнийг мэдэх бөгөөд Түүний үгийг сахидаг. Та нарын эцэг Абрахам Миний өдрийг харна гээд хөөрөн баясаж байсан. Үүнийг тэр хараад, баярласан гэв. Иудейчүүд Түүнд —Та тавин нас ч хүрээгүй байж, Абрахамыг харсан юм уу? гэхэд Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамаас өмнө ч Би байгаа гэж айлдав. Тэгтэл тэд Түүн уруу чулуудахаар чулуу шүүрэн авахад Есүс Өөрийгөө халхлан сүмээс гарлаа. Тэдний дундаас гарч, Өөрийнхөө замаар явж өнгөрөв.