Иохан 8:21-36

Иохан 8:21-36 АБ2013

Есүс тэдэнд дахин —Би явна. Та нар Намайг эрсээр, нүглийнхээ дотор үхнэ. Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй гэж айлдав. Тэгтэл иудейчүүд —“Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй” гэж хэлснээрээ Тэр Өөрийгөө егүүтгэх гээгүй байлтай? гэв. Есүс тэдэнд —Та нар доороос, Би дээрээс юм. Та нар энэ ертөнцийнх, Би энэ ертөнцийнх биш. Тиймээс Би “Та нар нүглийнхээ дотор үхнэ” гэж та нарт хэлсэн. Хэрэв та нар Би байгаа гэдэгт итгэхгүй бол та нар нүглийнхээ дотор үхнэ гэлээ. Тэгээд тэд Түүнд —Та хэн юм бэ? гэхэд нь Есүс —Эхнээсээ та нарт өгүүлж байгаа Тэр байна. Та нарын тухай ярих, шүүх зүйл Надад олон бий. Харин Намайг Илгээгч нь үнэн бөгөөд Түүнээс сонссон юмсаа Би ертөнцөд хэлдэг гэж айлдав. Тэр тэдэнд Эцэгийнхээ тухай хэлснийг тэд ойлгосонгүй. Тиймээс Есүс [тэдэнд] —Та нар Хүний Хүүг өргөвөл, Би байгаа гэдгийг мөн Би юуг ч Өөрөөсөө хийдэггүй, харин Эцэгийн Надад зааснаар Би эдгээрийг ярьдаг гэдгийг мэдэх болно. Намайг Илгээгч нь Надтай байгаа. Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг учир Тэр Намайг ганцааранг минь орхисонгүй гэв. Ийн айлдахад нь Түүнд олноороо итгэв. Есүс Өөрт нь итгэсэн иудейчүүдэд —Хэрэв та нар үгэн дотор минь байвал үнэхээр Миний дагалдагчид байна. Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэв. Тэд хариуд нь Түүнд —Бид Абрахамын удам бөгөөд хэзээ ч хэнд ч боолчлогдож байгаагүй. “Та нар эрх чөлөөтэй болно” гэж Та юунд хэлнэ вэ? гэв. Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин хүү л мөнхөд байдаг. Иймээс Хүү та нарыг чөлөөлвөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно.