Иохан 7:32-53

Иохан 7:32-53 АБ2013

Есүсийн тухай хүмүүс ийн шивнэлдэхийг фарисайчууд сонсжээ. Ахлах тахилч нар болон фарисайчууд Түүнийг бариулахаар харуулуудыг илгээлээ. Тэгтэл Есүс —Би та нартай түр зуур байна, тэгээд Намайг Илгээгч уруу явна. Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, тэнд та нар очиж чадахгүй гэж айлдсанд иудейчүүд өөр хоорондоо —Бидэнд олдохгүй хаашаа Тэр явах юм бол? Грекүүдийн дунд тархсан иудейчүүд дээр очиж, грекүүдэд заах юм болов уу? “Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, та нар очиж чадахгүй” гэж Түүний хэлсэн энэ үг ямар утгатай юм бол? гэцгээв. Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран —Цангасан хүн байвал Над уруу ирж, уугтун. Бичвэр хэлсэнчлэн Надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэв. Есүст итгэгсдийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үүнийг хэлжээ. Есүс хараахан алдаршуулагдаагүй тул Сүнс тэнд өгөгдөөгүй байлаа. Ард олны зарим нь энэ үгсийг сонсоод —Өнөөх эш үзүүлэгч чинь энэ үнэхээр мөн байна гэхэд зарим нь —Энэ Христ мөн гэж байв. Харин зарим нь —Христ Галилаас гарахгүй биз дээ? Христ бол Давидын үр сад бөгөөд Давидын амьдарч байсан тосгон болох Бетлехемээс гарна гэж Бичвэр хэлдэг биш үү? гэв. Тэгээд Есүсээс болж ард олны дотор хагарал гарчээ. Тэдний зарим нь Түүнийг барихыг хүссэн боловч хэн ч Түүнд гар хүрсэнгүй. Тэгээд харуулууд ахлах тахилч нар ба фарисайчууд дээр ирэхэд тэднээс —Та нар Түүнийг яагаад авч ирсэнгүй вэ? гэв. Харуулууд —Хүн хэзээ ч үүн шиг ярьж байсангүй гэжээ. Тэгтэл фарисайчууд тэдэнд —Та нар бас төөрчихөв үү? Захирагчид болон фарисайчуудаас хэн ч Түүнд итгээгүй биз дээ? Харин хууль мэддэггүй энэ ард олон л хараагдаж гэв. Тэдний нэг болох урьд нь Есүс дээр ирсэн Никодем тэдэнд — Бидний хууль хүний юу хийж байгааг нь эхлээд тэр хүнээс сонсоогүй, мэдээгүй байж шүүдэг бил үү? гэв. Тэд түүнд —Чи бас Галилынх уу? Нягтлаад үз. Галилаас ямар ч эш үзүүлэгч гарахгүй гэж хариулав. Бүгд гэр уруугаа явлаа.