Иохан 4:13-30

Иохан 4:13-30 АБ2013

Есүс —Энэ уснаас уух хүн бүр дахин цангана. Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно гэхэд эмэгтэй Түүнд —Эзэн, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй. Ус утгахаар энд ирэхгүй болно гэв. Есүс —Явж, нөхрөө дуудаад энд ир гэж айлдав. Эмэгтэй —Би нөхөргүй гэсэнд Есүс —“Би нөхөргүй” гэж чи зөв хэлэв. Чи таван нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүн ч нөхөр чинь биш тул чи үнэнээр хэлэв гэв. Эмэгтэй —Эзэн, би Таныг эш үзүүлэгч болохыг харлаа. Өвөг дээдэс маань энэ уулан дээр мөргөдөг байсан. Харин та нар мөргөх ёстой газар Иерусалимд байна гэцгээдэг шүү дээ гэв. Есүс —Эмэгтэй, Надад итгэ. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш, Эцэгт л мөргөх цаг ирж байна. Та нар мэдэхгүй юманд мөргөдөг бол бид мэддэг юмандаа мөргөдөг. Тиймээс ч аврал иудейчүүдээс гарна. Харин үнэн мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна. Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр мөргөх ёстой гэж айлдлаа. Тэр эмэгтэй Есүст —Христ гэгч Мессиа ирэхийг би мэднэ. Тэр ирэхдээ бүх зүйлийг бидэнд мэдүүлнэ гэв. Есүс түүнд —Тэр чинь чамтай ярьж буй Би байгаа юм гэж айлдав. Энэ зуур шавь нар нь ирээд, Түүнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад нь гайхсан боловч хэн нь ч —Та юу хайна вэ? эсвэл —Та түүнтэй юунд ярилцана вэ? гэж хэлсэнгүй. Тэгтэл эмэгтэй усны саваа орхин хот уруу эргэн явж, хүмүүст — Үйлдсэн бүхнийг минь надад хэлсэн хүнийг ирж үзэгтүн. Тэр Христ биш үү? гэсэнд тэд хотоос гарч, Есүс уруу явжээ.

Иохан 4:13-30 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв