Иохан 3:22-36

Иохан 3:22-36 АБ2013

Дараа нь Есүс шавь нартайгаа иудей нутагт очиж, тэдэнтэй хамт тэнд байж, баптисм хүртээж байлаа. Мөн Салимын ойролцоо Аенонд ус ихтэй тул Иохан тэнд баптисм хүртээж байв. Хүмүүс ирцгээж, баптисм хүртэж байлаа. Иохан хараахан шоронд хоригдоогүй байсан юм. Тэр цагт Иоханы шавь нар болон нэгэн иудей хүний хооронд ариусгалын талаар маргаан үүсжээ. Тэд Иоханд ирж —Рабби, Иорданы нөгөө талд тантай хамт байсан, таны гэрчилж байсан Тэр, үзэгтүн, баптисм хүртээж, бүгд Түүнд очиж байна гэсэнд Иохан —Тэнгэрээс өөрт нь өгөгдөөгүй л бол хүн юуг ч хүлээн авч чадахгүй. “Би бол Христ биш, харин Түүний урьд илгээгдсэн нэгэн мөн” гэж хэлснийг минь гэрчлэгч нь та нар өөрсдөө билээ. Сүйт бүсгүйг авагч нь сүйт залуу мөн. Харин зогсоод чагнагч найз нь сүйт залуугийн дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов. Тэр өсөж, харин би буурах ёстой гэв. Дээрээс Ирэгч нь бүхний дээр байдаг. Газраас ирэгч нь газрынх бөгөөд газрын тухай л ярьдаг. Тэнгэрээс Ирэгч бүхний дээр байдаг. Тэр үзсэн, сонссоноо гэрчилдэг боловч хэн ч Түүний гэрчлэлийг хүлээн авдаггүй. Түүний гэрчлэлийг хүлээн авагч нь Бурхан бол үнэн гэдгийг батлан тамгалсан юм. Бурханаас илгээгдсэн Тэр, Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг. Эцэг нь Хүүгээ хайрлан, Түүний гарт бүгдийг өгсөн юм. Хүүд итгэдэг нь мөнх амьтай. Харин Хүүд дуулгаваргүй нь мөнх амийг эс үзэх бөгөөд Бурханы уур хилэн түүн дээр оршино.