Иохан 20:11-23
Иохан 20:11-23 АБ2013
Харин Мариа булшны гадаа зогсоод уйлж байлаа. Тэр уйлсан чигээрээ булш уруу тонгойн хартал цагаан хувцастай хоёр тэнгэрэлч Есүсийн цогцсыг тавьж байсан газарт нэг нь толгойд, нөгөө нь хөл талд нь сууж байв. Тэд түүнд —Эмэгтэй, чи юунд уйлна вэ? гэсэнд тэр —Тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд Түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй гэв. Тэр ингэж хэлээд эргэхдээ Есүсийн зогсож байхыг харсан боловч тэр нь Есүс байсныг таньсангүй. Есүс түүнд —Эмэгтэй, чи юунд уйлна вэ? Чи хэнийг хайна вэ? гэж асуув. Түүнийг цэцэрлэгч байна гэж бодоод тэр Түүнд —Эзэн, хэрэв та Түүнийг зөөсөн бол хаана тавьснаа надад хэлнэ үү? Би Түүнийг авах гэсэн юм гэв. Есүс —Мариа гэлээ. Мариа эргэнгүүтээ Түүнд еврейгээр —Рабуни! (Багш гэсэн утгатай) гэжээ. Есүс —Би Эцэгтээ хараахан дээш очоогүй байгаа тул Надад гар бүү хүр. Харин ах дүү нарт минь очиж, тэдэнд “Би Эцэгтээ буюу та нарын Эцэгт, Бурхандаа буюу та нарын Бурханд дээш очно” гэдгийг хэл гэлээ. Магдалын Мариа ирж, шавь нарт —Би Эзэнийг харлаа гээд, Есүсийн өөрт нь айлдсаныг тэдэнд хэлэв. Долоо хоногийн эхний өдөр тэр өдрийн үдэш, шавь нар нь иудейчүүдээс айснаас үүдээ түгжсэн байв. Есүс ирээд тэдний дунд зогсож, тэдэнд —Амар амгалан та нарт байх болтугай гэв. Үүнийг айлдаад, Тэр тэдэнд гар, хажуугаа үзүүлэв. Шавь нар нь Эзэнийг хараад ихэд баярлав. [Есүс] дахиж тэдэнд —Амар амгалан та нарт байх болтугай. Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ гэв. Үүнийг айлдаад, Тэр тэдэн уруу үлээн —Ариун Сүнсийг хүлээн авагтун. Та нар хэний нүглийг уучилна, тэд уучлагдана. Та нар хэний нүглийг үл уучилна, тэд үл уучлагдах болно гэж айлдав.