Иохан 16:17-24
Иохан 16:17-24 АБ2013
Тэгтэл шавь нарын зарим нь бие биендээ —“Мөдхөн та нар Намайг харахаа болино. Төдхөн та нар Намайг дахин харах болно”, “Учир нь Би Эцэгтээ очно” гэж Тэр бидэнд юу хэлнэ вэ? гэж ярив. Тэгээд тэд —“Мөдхөн” гэсэн нь юу юм бол? Юу яриад байгааг нь мэдэх юм алга гэлээ. Тэд юм асуухыг хүсээд байгааг Есүс мэдээд —“Мөдхөн та нар Намайг харахаа болино. Төдхөн та нар Намайг дахин харах болно” гэсний талаар та нар өөр хоорондоо хэлцээд байна уу? Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар гунигтай болно. Гэвч гуниг чинь баяр хөөрөөр солигдох болно. Эмэгтэй хүн төрөхдөө цаг нь ирсний учир зовуурладаг. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд хүмүүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггүй. Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нарыг дахин харна. Зүрх чинь баярлана, баяр баясгаланг чинь хэн ч та нараас булаахгүй. Тэр өдөр та нар Надаас юу ч асуухгүй. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар Эцэгээс нэрээр минь юу ч гуйсан Тэр та нарт өгнө. Одоо болтол та нар нэрээр минь юу ч гуйгаагүй. Гуйгтун, баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээн авна.