Иохан 14:8-21

Иохан 14:8-21 АБ2013

Филип Түүнд —Эзэн, бидэнд Эцэгээ харуулаач. Энэ л бидэнд хангалттай гэв. Есүс —Би та нартай хамт ийм удаан байхад чи Намайг таньж мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан нь Эцэгийг харсан. Гэтэл “Бидэнд Эцэгээ харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэхгүй байна уу? Миний та нарт хэлж байгаа үгсийг Би Өөрөөсөө хэлээгүй. Харин Миний дотор оршигч Эцэг үйлсээ хийж байгаа юм. Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэгтүн. Эс бөгөөс үйлсийн учир Надад итгэгтүн. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Надад итгэдэг нь Миний хийдэг үйлсийг бас хийх бөгөөд эдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно. Учир нь Би Эцэгтээ очно. Та нар нэрээр минь юу ч гуйсан, Эцэг Хүүгээр алдаршуулагдахын тулд Би түүнийг үйлдэнэ. Та нар нэрээр минь юм гуйвал Би түүнийг чинь үйлдэнэ. Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь. Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. Тэр бол үнэний Сүнс бөгөөд Түүнийг харахгүй мэдэхгүйгээсээ болж ертөнц Түүнийг хүлээн авч чадахгүй. Тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх тул та нар Түүнийг мэднэ. Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ. Жаахан байзнаад ертөнц Намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна. Учир нь Би амьд байдаг агаад та нар амьдрах болно. Би Эцэг дотроо, та нар Миний дотор, Би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно. Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь Намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч нь Эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ.