Иохан 12:36-50
Иохан 12:36-50 АБ2013
Гэрэлтэй байх зуураа та нар гэрэлд итгэгтүн. Тэгвэл та нар гэрлийн хөвгүүд болно гэлээ. Есүс ийн айлдсаны дараа холдон явж нуугдав. Хэдийгээр Есүс тэдний өмнө өдий олон тэмдгийг үйлдсэн боловч тэд Түүнд итгэхгүй байлаа. Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзэний мутар хэнд илчлэгдсэн бэ?» гэж хэлсэн үг биелэгдэхийн тулд ажээ. Тиймээс ч тэд итгэж чадаагүй юм. Учир нь Исаиа бас «Тэр тэдний нүдийг сохолж, зүрхийг нь хатууруулсан. Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэх байсан бөгөөд Би тэднийг эдгээх байсан юм» гэсэн. Исаиа Түүний цог жавхланг харж, Түүний тухай ярьсан учраас эдгээрийг хэлсэн ажээ. Хэдий тийм боловч захирагчдын олон нь Есүст итгэсэн билээ. Гэхдээ тэд фарисайчуудаас болж синагогоос хөөгдөх вий гэсэндээ үүнийгээ өчсөнгүй. Учир нь тэд хүний алдрыг Бурханы алдраас илүү таалсан юм. Есүс хашхиран —Надад итгэгч нь Надад итгэж байгаа бус харин Намайг Илгээгчид итгэж байгаа юм. Намайг харагч нь Намайг илгээсэн Нэгэнийг харж байна. Надад итгэгч бүрийг харанхуйд байлгахгүйн тулд Би ертөнцөд гэрэл болон ирсэн. Үгийг минь сонсоод сахиагүй ч Би түүнийг шүүхгүй. Би ертөнцийг шүүхийн тулд бус харин ертөнцийг аврахын тулд ирсэн юм. Намайг голж, үгийг минь хүлээж эс авагчийг шүүх шүүгч бий. Хэлсэн үг минь эцсийн өдөрт түүнийг шүүнэ. Учир нь Би Өөрөөсөө яриагүй, харин юу хэлж, юу ярих тушаалыг Намайг илгээсэн Эцэг Өөрөө өгсөн юм. Түүний тушаал бол мөнх амь гэдгийг Би мэднэ. Тиймээс ярьж байгаа минь Эцэг Надад хэлснээр Би ярьж байна гэж айлдлаа.