Иохан 11:47-57
Иохан 11:47-57 АБ2013
Тэгтэл ахлах тахилч нар болон фарисайчууд Зөвлөлд цуглаж —Юу хийх вэ? Энэ хүн олон тэмдэг үйлдэж байна. Хэрэв бид Түүнийг ингээд орхивол бүх хүн Түүнд итгэнэ. Тэгвэл ромчууд ирж, манай газар болон үндэстнийг маань сүйтгэнэ гэцгээв. Харин тэдний нэг, тэр жил тэргүүн тахилч байсан Каиаф тэдэнд —Та нарт мэдэх юм гэж алга. Бүх үндэстнээрээ мөхөхгүйн тулд ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэдгийг ч бодолцохгүй байна гэж хэлэв. Тэр энэ үгсийг өөрөөсөө хэлээгүй юм. Харин тэр жилийн тэргүүн тахилч байсан учир, үндэстнийхээ төлөө Есүсийн үхэх тухай болон Тэр зөвхөн үндэстнийхээ төлөө бус харин Бурханы тарсан хүүхдүүдийг бөөгнүүлж нэгтгэхийн төлөө үхэх тухай эш үзүүлжээ. Энэ өдрөөс тэд Есүсийг алахаар төлөвлөв. Тиймээс Есүс иудейчүүдийн дунд дахиж ил явсангүй. Харин тэндээс цөлийн ойролцоох нутаг, Ефраим гэдэг хот явж шавь нарынхаа хамт тэнд үлдэв. Иудейчүүдийн Алгасал баяр ойртсон байлаа. Олон хүн өөрсдийгөө ариусгахаар, Алгасал баярын өмнө нутгаасаа Иерусалимд иржээ. Тэд Есүсийг хайж, сүм дотор зогсон өөр хоорондоо —Та нар юу гэж бодож байна? Тэр баяр дээр ирэх болов уу? гэж ярьж байлаа. Түүний хаана байгааг мэдсэн хүн байвал Есүсийг бариулахаар мэдэгдэх ёстой гэсэн зарлигийг ахлах тахилч нар болон фарисайчууд буулгасан байв.