Иохан 10:1-18
Иохан 10:1-18 АБ2013
Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хонины хашаанд үүдээр нь оролгүй өөр газраар давж ордог нь хулгайч, дээрэмчин мөн. Харин үүдээр нь ордог хүн нь хонин сүргийн хоньчин мөн. Сахиул түүнд үүдийг нээдэг бөгөөд хонин сүрэг дууг нь сонсдог. Тэр өөрийн хоньдыг нэрээр нь дуудаж, тэднийг дагуулж гаргана. Тэрээр өөрийнхийгөө бүгдийг гаргаж, түрүүнд нь явдаг бөгөөд хоньд дууг нь таньдаг тул түүнийг дагадаг. Тэд гаднын хүнийг ер дагахгүй, харин дууг нь танихгүй учир түүнээс зугтана гэж айлдав. Есүс энэ зүйрлэлээр тэдэнд ярихад Түүний ярьсан нь юу байсныг тэд ойлгосонгүй. Тэгээд Есүс дахин тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хонины үүд нь Би байгаа юм. [Надаас урьд] ирэгсэд бүгд хулгайч, дээрэмчид юм. Харин хоньд тэднийг сонсоогүй. Үүд нь Би байгаа юм. Надаар орсон нь аврагдах болно. Орж гарч бэлчээр олно. Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ. Сайн хоньчин нь Би байгаа юм. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг. Хөлсний хүн бол хоньчин биш, хоньд ч түүнийх биш учир чоно ирэхийг хараад тэрээр хоньдыг орхин зугтдаг. Чоно хоньдыг цөлмөж, тараадаг. Тэр хөлсний хүн бөгөөд хоньдод санаа тавьдаггүй тул зугтдаг. Сайн хоньчин нь Би байгаа юм. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ. Үүнчлэн Би Эцэгээ мэдэхийн адил Эцэг минь Намайг мэддэг юм. Би хоньдын төлөө амиа өгнө. Энэ хашаан дахь хоньдоос өөр хоньд Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд дууг минь сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг сүрэг болно. Тиймээс Эцэг Намайг хайрладаг. Учир нь Би амиа буцааж авахын тулд амиа өгнө. Хэн ч амийг минь Надаас авахгүй. Харин Би Өөрөө түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл Надад бий, буцааж авах эрх мэдэл нь ч бий. Энэ тушаалыг Би Эцэгээсээ хүлээн авсан юм гэв.