Иеремиа 52:8-27

Иеремиа 52:8-27 АБ2013

Гэвч халдеичуудын цэргүүд хааныг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барьсан бөгөөд бүх цэрэг нь түүнийг орхин сарнив. Тэгээд тэд хааныг олзлоод, Хаматын нутаг дахь Риблад Вавилоны хаан дээр аваачсан бөгөөд тэрээр түүнд ял оноов. Вавилоны хаан, Зедекиагийн хөвгүүдийг нүднийх нь өмнө алсан бөгөөд Иудагийн бүх түшмэлийг Риблад хядав. Дараа нь тэрээр Зедекиагийн нүдийг ухаж хаяад түүнийг хүрэл дөнгөөр дөнгөлжээ. Вавилоны хаан түүнийг Вавилонд аваачиж, үхлийн өдөр хүртэл нь түүнийг шоронд хийв. Тавдугаар сарын арванд буюу Вавилоны хаан Небухаднезар хааны арван есдүгээр онд Вавилоны хааны үйлчлэлд байсан ахлах хамгаалагч Небузарадан Иерусалимд ирэв. Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон Иерусалимын бүх байшинг шатаажээ. Том байшин бүрийг тэрээр галдан шатаав. Ингээд ахлах хамгаалагчтай хамт байсан халдеичуудын бүх цэрэг Иерусалимын эргэн тойрон дахь бүх хана хэрмийг нураав. Тэгээд ахлах хамгаалагч Небузарадан нь хамгийн ядуу хүмүүс, хотод үлдсэн бусад ард олон ба Вавилоны хааны талд дагаар орогсдыг гарын уртай хүмүүсийн хамт цөллөгт авч явжээ. Ахлах хамгаалагч Небузарадан тэр газрын үгээгүй ядуучуудаас заримыг нь усан үзмийн цэцэрлэгчээр мөн газар хагалагчаар үлдээв. ЭЗЭНий өргөөнд байсан хүрэл багананууд мөн ЭЗЭНий өргөөнд байсан тавиурууд болон хүрэл тэнгисийг халдеичууд хэсэглээд бүх хүрлийг нь Вавилон уруу авч явав. Тэд бас тогоонууд, утгуурууд, чимхүүрүүд, угаагуурууд, хайруулууд болон үйлчлэлд хэрэглэгдэж байсан бүх хүрэл савыг авч явжээ. Ахлах хамгаалагч бас цэвэр алт болон мөнгөөр хийгдсэн хулнууд, галын хоргууд, угаагуурууд, тогоонууд, дэнлүүний тавиурууд, хайруулууд болон ундаан өргөлийн хулнуудыг авч явав. ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны хийсэн хоёр багана, нэг тэнгис, тэнгисийн доор байсан арван хоёр хүрэл бух болон тавиурууд зэрэг бүх сав суулгуудын хүрэл нь хэмжээлшгүй их байв. Баганануудын хувьд, баганын өндөр нь арван найман тохой бөгөөд тойрог нь арван хоёр тохой, зузаан нь дөрвөн хуруу, хөндий байв. Түүний дээр баганын хүрэл дог байв. Дог бүрийн өндөр нь таван тохой байсан бөгөөд дог дээр нь тойруулаад, бүгд хүрлээр хийгдсэн торон сүлжээс ба анар байв. Хоёр дахь багана ч үүний адил мөн анаруудтай байв. Ерэн есөн анар нь харагддаг байлаа. Торон сүлжээсэн дээр тойруулаад бүх анар нь зуу байв. Тэгээд тэргүүн тахилч Сераиа болон дэд тахилч Зефаниаг сүмийн гурван хаалгачийн хамт ахлах хамгаалагч авч явав. Тэрээр бас дайчдын жанжин нэг түшмэлийг, хотоос олдсон хааны зөвлөхүүдээс долоон хүнийг, газар нутгийн хүмүүсийг зарлан дууддаг байсан цэргийн даргын гүүшийг болон хотын дундаас олдсон тэр нутгийн жаран хүнийг хотоос авч явжээ. Ахлах хамгаалагч Небузарадан тэднийг авч Риблад буй Вавилоны хаанд аваачив. Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохин алав. Ийнхүү Иуда газар нутгаасаа цөлөгджээ.