Иеремиа 48:1-47
Иеремиа 48:1-47 АБ2013
Моабын тухай. Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ийн айлдаж байна. “Небо, хөөрхий еэ! Сүйрчээ чи. Кириатаим ичгүүр болж, олзлогдсон. Өндөр бэхлэлт ичгүүр болж, нураагдсан. Моаб дахин магтагдахгүй. Хешбонд тэд түүний эсрэг гай гамшгийг сэдсэн. «Нааш ирцгээ, түүнийг үндэстнээс тасалцгаая!» Мадмэн ээ! Чи ч гэсэн дуугүй болгогдоно. Чиний араас илд дагах болно. Хоронаимаас гарах хашхирааны дуу «Сүйрэл, агуу их сүйрэл!» Моаб хугарч, жижиг хүүхдүүд нь хашхирцгаав. Учир нь Лухитийн өгсүүрээр Тэд уйлсаар өгсөнө. Учир нь Хоронаимын уруудах замд тэд Сүйрлийн зовж шаналсан хашхирааныг сонсоцгоолоо. Зугт, амиа авар, ингэснээр та нар Цөл дэх арц мод мэт болно. Ололт ба эрдэнэс баялагтаа тавьсан Итгэл найдвараасаа болж Чи өөрөө олзлогдох болно. Хемош ч тахилч нарынхаа бас түшмэдийнхээ хамт цөллөгт явах болно. Хот бүрд устгагч ирэх бөгөөд Ямар ч хот зугтахгүй. ЭЗЭНий айлдсаны дагуу хөндий ч бас сүйтгэгдэж, Тэгш тал ч сүйрэх болно. Моабт далавчнуудыг өг. Учир нь тэрээр зугтаана. Хотууд нь оршин суугчидгүй Зэлүүд газар болно. ЭЗЭНий ажлыг хайнга хийгч нь хараагдах болтугай. Цуснаас илдээ татагч нь хараагдах болтугай. Моаб залуугаасаа л тайван байжээ. Шавар саван дотроо тэрээр сандаачуулагдаагүй байв. Тэрээр савнаас сав уруу уудлуулаагүй, Цөллөгт ч яваагүй. Тиймээс тэрээр амтаа хадгалсан агаад Тааламжит үнэр нь өөрчлөгдөөгүй. Тиймээс, үзэгтүн, Би түүн уруу юүлэгч хүмүүсийг илгээх бөгөөд тэд түүнийг юүлэн асгаж, сав суулгуудыг нь хоослон вааруудыг нь эвдлэх өдрүүд ирж байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. Итгэл найдвар болсон Бетелээсээ Израилийн гэр ичсэн шиг Моаб нь Хемошоос ичих болно. Та нар «Бид хүчирхэг дайчид, Тулалдаанд зоригтой эрчүүд билээ» гэж Яаж хэлж чадна вэ? Моаб устгагдсан бөгөөд Эрчүүд хотууд уруу нь явжээ. Шилдэг залуус нь ч бас хядуулахаар явжээ” гэж Түг түмдийн ЭЗЭН нэртэй Хаан тунхаглаж байна. “Моабын зовлон удахгүй ирж, Гай гамшиг нь шаламгайлан яаравчлав. Эргэн тойронд нь амьдрагч та бүхэн, Нэрийг нь мэддэг та бүхэн ч Түүний төлөө гашуудаж, «Хүчирхэг очирт таяг, Сүр жавхлант таяг хэрхэн хугарав аа!» гээрэй. Дибонд оршин суугч охин оо, Алдраасаа буун ирж, Хатаж хагарсан газар дээр суу. Учир нь Моабыг устгагч нь Чиний эсрэг ирж, бат цайзуудыг чинь нураав. Ароерын оршин суугч аа, Замын дэргэд зогсож, харуулдсаар бай. «Юу болсон бэ?» гэж Оргож буй эрэгтэйгээс, зугтаж буй эмэгтэйгээс асуу. Моаб нураагдсан тул, ичгүүр болжээ. Уйлан хашхир. Моаб устгагдсан гэж Арнон хавиар тунхагла. Шүүлт нь бас тал газар дээр, Холон, Иахза нарын дээр болон Мефаатын эсрэг ирсэн бөгөөд Дибон, Небо болон Бет-диблатаимын эсрэг, Кириатаим, Бет-гамул болон Бет-меоны эсрэг, Кериот, Бозра болон Моабын нутгийн хол ойрын бүх хотын эсрэг ирэв. Моабын эвэр тастуулж, гар нь хугарав” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэр ЭЗЭНий эсрэг сагсуу онгироо болсон тул түүнийг согтууруул. Ингээд Моаб бөөлжсөн дотроо хөлбөрч, доог тохуу болно. Израиль чамд доог тохуу байсан биш гэж үү? Эсвэл тэрээр хулгайчдын дунд баригдаж байсан уу? Учир нь чи түүний тухай ярих болгондоо чичирдэг. Моабын оршин суугчид аа, Хотуудыг орхиж, хадны дунд амьдар. Ангалын аман дээр үүрлэгч тагтаа мэт бай. Бид Моабын бардам зангийн талаар сонссон. Тэр үнэхээр бардам, сагсуу онгироо, өөрийгөө өргөмжилдөг. Би уур хилэнг нь мэднэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Гэвч энэ нь хоосон. Дэмий сайрхал нь юуг ч бүтээгээгүй. Тиймээс Би Моабын төлөө орь дуу тавих болно, Бүх Моабын төлөө Би хашхирах болно. Би Кир-хересийн хүмүүсийн төлөө ёолох болно. Иазерын төлөө уйлахаас илүүгээр, Сибмагийн усан үзэм ээ, Би чиний төлөө уйлах болно! Мөчрүүд чинь тэнгис даван сунаж, Иазерын тэнгист хүрэв. Сүйтгэгч нь чиний зуны жимснүүд, Усан үзмийн ургац дээр чинь буув. Тиймээс үржил шимтэй талбайнууд буюу Моабын нутгаас баяр хөөр, баяр баясгалан зайлуулагдав. Дарс шахуургуудаас дарсыг Би зогсоолоо. Хэн ч хашхиран гишгэлэхгүй, хашхираан нь ч хашхираан биш байх юм. Хешбон дахь хашхираанаас Елеалег хүртэл, Иахазыг ч хүртэл, Зоараас Хоронаим, Еглат-шелишиа хүртэл тэд дуу хоолойнуудаа өндөрсгөв. Учир нь Нимримийн ус ч хүртэл эзгүйрнэ. Мөргөлийн өндөрлөгүүд дээр өргөдөг бөгөөд бурхдадаа утлага уугиулдаг Моабыг Би төгсгөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тиймээс зүрх сэтгэл минь Моабын төлөө лимбэ мэт уйлна. Мөн Кир-хересийн хүмүүсийн төлөө ч зүрх сэтгэл минь лимбэ мэт уйлна. Тиймээс түүний олж бүтээсэн баялгийг тэд алдсан. Учир нь толгой бүр халзан болж, сахал бүр богино хайчлагдсан. Бүх гар дээр гүн огтлоос, ууц нуруунууд дээр таар байна. Моабын бүх байшингийн дээвэр дээр болон гудамжнуудад нь газар бүр гашуудал байна. Учир нь Би Моабыг хүсэшгүй сав мэт эвдлэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Ямар их нурав аа! Тэд гашуудав! Моаб ичгүүртэйгээр хэрхэн нуруугаа харуулж байна вэ! Тиймээс Моаб эргэн тойрон дахь бүхэндээ доог тохуу бас айдас болно” хэмээв. Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, нэгэн нь бүргэд мэт хурдан шаламгай нисэж, Моабын эсрэг жигүүрээ дэлгэнэ. Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж, Тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрх Төрөхөөр дуншиж буй эмэгтэйн зүрхтэй адил болно. ЭЗЭНий эсрэг Моаб сагсуу онгироо болсон тул Тэрээр хүмүүсээс устгагдана. Моабын оршин суугч аа, Айдас, нүх болон урхи чиний дээр байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж, Нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орох болно. Учир нь Би түүний дээр, Моаб дээр, шийтгэлийнх нь жилийг авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Хешбоны сүүдэрт оргодлууд хүчгүй зогсоно. Учир нь гал Хешбоноос, галын дөлнүүд Сихоны дундаас гарч, Моабын духыг, үймээн дэгдээгчдийн хуйхыг залгив. Моаб аа, чи золгүй еэ! Хемошийн хүмүүс устав. Учир нь хөвгүүд чинь олзлогдож, Охид чинь цөлөгдөн явсан. Гэсэн хэдий ч хожмын өдрүүдэд Би Моабын сайн сайхныг сэргээнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Моаб дээр ирэх шүүлт ингэж дуусаж байна.