Иеремиа 44:1-14
Иеремиа 44:1-14 АБ2013
Египет нутагт амьдарч буй буюу Мигдол, Тахпанхес, Мемфис болон Патросын нутагт амьдарч буй хамаг иудейчүүдийн төлөө Иеремиад ирсэн үг энэ болой. Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. — Иерусалим ба Иудагийн бүх хот дээр Миний авчирсан бүх гай гамшгийг та нар өөрсдөө харсан билээ. Үзэгтүн, энэ өдөр тэд балгас болсон бөгөөд хэн ч дотор нь амьдардаггүй. Тэд ч, та нар ч, та нарын эцэг өвгөд ч мэддэггүй байсан өөр бурхдад утлага уугиулан үйлчлэхээр явснаараа Намайг уурлуулсан тэдний цөвт муу явдлаас болж ингэжээ. Гэсэн хэдий ч Би та нарт Өөрийн бүх зарц болох эш үзүүлэгчдээ илгээж “Миний үзэн яддаг энэ жигшүүрт зүйлийг бүү хийгээч” гэж хэлүүлсэн. Гэвч тэд өөр бурхдад утлага шатаах тэрхүү хорон муу явдлаасаа эргэхийн төлөө чих ч тавьсангүй, сонссон ч үгүй. Тиймээс хилэн минь, уур минь асгарч, Иудагийн хотуудад, Иерусалимын гудамжнуудад шатсан бөгөөд энэ өдөр байгаа шигээ тэдгээр нь балгас, зэлүүд газар болсон. Тиймээс түг түмдийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. Иудагийн дундаас эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд ба нялхсыг тасалж, өөрсдийгөө үлдэгсэдгүй орхин юунд өөрсдөдөө үлэмж хор хөнөөл учруулна вэ? Цагаачлахаар орж ирсэн энэ Египет нутагтаа та нар өөр бурхдад утлага уугиулан гарын бүтээлээрээ юунд Намайг уурлуулна вэ? Таслагдаж, дэлхийн бүх үндэстний дунд хараал, зэвүүцэл болох гээ юү, та нар? Иудагийн нутагт ба Иерусалимын гудамжнуудад үйлдсэн эцэг өвгөдийнхөө цөвт муу явдлыг, Иудагийн хаад ба эхнэрүүдийнх нь цөвт муу явдлыг бас өөрсдийнхөө мөн эхнэрүүдийнхээ цөвт муу явдлыг та нар мартсан уу? Гэвч тэд энэ өдрийг хүртэл номхорсонгүй, эмээсэн ч үгүй, бас та нарын болон эцэг өвгөдийн чинь өмнө Миний тогтоосон хууль эсвэл зарлигуудаар минь алхсан ч үгүй. Тиймээс түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би та нарын дээр гамшгийг авчирахаар, бүх Иудаг эцэс болгохоор шийдсэн. Египетийн нутагт цагаачлан явахаар шийдсэн Иудагийн үлдэгсдийг Би зайлуулах бөгөөд тэд бүгд Египет нутагт дуусгавар болж унана. Тэд илдэнд залгигдаж, өлсгөлөнгөөр үхнэ. Их бага аль аль нь илд ба өлсгөлөнгөөр үхнэ. Тэд хараал, аймшиг, зүхэл ба зэвүүцэл болно. Би Иерусалимыг шийтгэсэн шиг Египет нутагт амьдарч буй тэднийг илд, өлсгөлөн, тахлаар шийтгэнэ. Египет нутагт цагаачлахаар тийшээ орсон Иудагийн үлдэгсдээс зугтах юмуу амь гарах эсвэл Иудагийн нутагт эргэж ирэх хэн ч үгүй. Хэдийгээр тэд амьдрахаар буцаж ирэхийг тэмүүлэвч, хэдэн оргодлоос өөр хэн ч буцаж ирэхгүй» гэж айлдав.