Иеремиа 43:1-13
Иеремиа 43:1-13 АБ2013
Бурхан ЭЗЭНээс нь тэдэнд илгээгдсэн Иеремиа ард түмэнд өөрсдийнх нь Бурхан ЭЗЭНий бүх үг буюу энэ бүх үгийг хэлж дуусмагц Хошаиагийн хүү Азариа, Кареагийн хүү Иоханан болон бусад ихэмсэг бардам хүмүүс Иеремиад —Та худал ярьж байна! “Та нар цагаачлахаар Египет уруу бүү яв” гэж хэлүүлэхээр таныг бидний Бурхан ЭЗЭН илгээгээгүй. Харин биднийг халдеичуудын гарт өгөн тэд биднийг алж мөн Вавилон уруу цөлөхийн тулд Нериагийн хүү Барух таныг бидний эсрэг өдөөж байна гэж хэлэв. Ингээд Кареагийн хүү Иоханан болон цэргийн бүх дарга нар мөн хамаг ард түмэн Иудагийн нутагт үлд гэсэн ЭЗЭНий дуу хоолойг эс дагав. Харин хөөгдөн очсон бүх үндэстнүүдээсээ Иудад суурьшихаар эргэн ирсэн Иудагийн үлдэгсдийг Кареагийн хүү Иоханан ба цэргийн бүх дарга нар авсан бөгөөд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хааны охид мөн Шафаны ач болон Ахикамын хүү Гедалиатай хийгээд эш үзүүлэгч Иеремиа ба Нериагийн хүү Барухтай хамт ахлах хамгаалагч Небузараданы үлдээсэн хүн бүр багтжээ. Ингээд тэд Египетийн нутагт орж (учир нь тэд ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй), Тахпанхес хүртэл явав. Тэгтэл Тахпанхест ЭЗЭНий үг Иеремиад ирж, айлдахдаа “Гартаа том чулуунууд аваад, Иудагийн зарим эрчүүдийн нүдэн дээр, Тахпанхес дахь Фараоны ордны үүдэн дэх тоосгоны зуурмаг шавар дотор нуу. Тэдэнд «Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ийн айлдав. Үзэгтүн, Миний зарц, Вавилоны хаан Небухаднезарыг Би авчирч, Өөрийн нуусан энэ чулуунуудын дээр түүний сэнтийг тогтоох гэж байна. Тэрээр асар саравчийг тэдний дээгүүр дэлгэнэ. Тэр ирээд Египет нутгийг цохиж, үхэлд зориулагдсаныг нь үхэлд, олзлолд зориулагдсаныг нь олзлолд, илдэнд зориулагдсаныг нь илдэнд өгнө. Би Египетийн бурхдын сүмүүдэд гал тавьж, тэр тэднийг шатааж, тэднийг олзлох болно. Хоньчин өөртөө хувцас нөмрөхтэй адил тэрээр өөрийгөө Египет нутгаар орооно. Тэр тэндээс амар тайван явах болно. Тэрээр бас Египет нутагт буй Хелиополисын чулуун хөшөөнүүдийг хэмхлэх болно. Египетийн бурхдын сүмүүдийг тэрээр галдан шатаана» гэж хэл” хэмээн айлджээ.