Иеремиа 41:1-18

Иеремиа 41:1-18 АБ2013

Тэгтэл долдугаар сард хааны удмын Елишамагийн ач, Нетаниагийн хүү Ишмаел болон хааны тэргүүн түшмэд арван хүний хамт Ахикамын хүү Гедалиа уруу Мизпад ирэв. Тэд Мизпад хамтдаа талх идэж байх зуур Нетаниагийн хүү Ишмаел ба түүнтэй хамт байсан арван хүн босож, нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг илдээр цохиж, алав. Ишмаел бас Гедалиатай хамт Мизпад байсан хамаг иудейчүүдийг мөн тэнд байсан халдеи цэргүүдийг цохив. Гедалиаг алсны дараагийн өдөр, хэнийг ч мэдээгүй байх үед сахлаа хусуулж, хувцсаа хуу татуулан, биеэ гүнзгий зүсүүлсэн наян хүн ЭЗЭНий өргөөнд авчрахаар идээн өргөлүүд, утлагыг гартаа барьсаар Шехем, Шило ба Самариас ирэв. Тэгтэл Нетаниагийн хүү Ишмаел явуут уйлсаар тэднийг угтахаар Мизпагаас гарч ирэв. Тэр тэдэнтэй уулзаад тэдэнд —Ахикамын хүү Гедалиа уруу ирнэ үү! гэв. Тэгээд тэднийг хот дотор орж ирсэн тэр даруйд Нетаниагийн хүү Ишмаел ба түүнтэй хамт буй эрс тэднийг хядаж, нөөцлүүрт хаяжээ. Харин тэдний дундаас Ишмаелд —Биднийг бүү алаач. Учир нь бидэнд талбайд нуусан буудай, арвай, тос болон зөгийн балын нөөц бий гэж хэлсэн арван хүн олдов. Тиймээс тэр биеэ барьж, тэднийг ах дүүсийнх нь хамт алсангүй. Гедалиагаас болж цохиж алсан хүмүүсийнхээ бүх хүүрийг Ишмаелын хаясан нөөцлүүр нь Израилийн хаан Баашагийн улмаас Аса хааны хийсэн нөөцлүүр байв. Нетаниагийн хүү Ишмаел түүнийг алагдагсдаар дүүргэжээ. Тэгээд Ахикамын хүү Гедалиад ахлах хамгаалагч Небузараданы хариуцуулсан, Мизпа дахь ард түмнээс үлдэгч бүгд мөн хааны охид ба Мизпад үлдсэн бүх ард түмнийг Ишмаел олзлов. Ингэж Нетаниагийн хүү Ишмаел тэднийг олзлон аваад, Аммоны хөвгүүд уруу гатлахаар явав. Харин Нетаниагийн хүү Ишмаелын үйлдсэн бүх муу муухайг Кареагийн хүү Иоханан ба түүнтэй хамт буй цэргийн бүх дарга нар сонсоод, хамаг эрсээ авч, Нетаниагийн хүү Ишмаелтай тулалдахаар явсан бөгөөд тэд түүнийг Гибеон дахь том цөөрмийн дэргэдээс олов. Кареагийн хүү Иохананыг мөн түүнтэй хамт буй цэргийн дарга нарыг Ишмаелтай хамт байсан хүмүүс харангуутаа баярлацгаав. Ингээд Мизпагаас Ишмаелын олзлон авсан бүх хүн эргээд, буцан ирж, Кареагийн хүү Иоханан уруу очлоо. Харин Нетаниагийн хүү Ишмаел найман хүнтэй хамт Иохананаас зугтаж, Аммоны хөвгүүд уруу явав. Нетаниагийн хүү Ишмаел нь Ахикамын хүү Гедалиаг цохисны дараа түүнээс эргүүлэн авсан хүмүүсийн бүх үлдэгсэд буюу Гибеоноос түүний буцааж авчирсан хүчит дайчин эрс, эмэгтэйчүүд, хүүхдүүд, тайганууд зэргийг Кареагийн хүү Иоханан ба түүнтэй хамт буй цэргийн бүх дарга нар Мизпагаас авчрав. Тэд явж, Египет уруу хөдлөхийн тулд Бетлехемийн дэргэдэх Герут Чимхамд буудаллажээ. Уг нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон Ахикамын хүү Гедалиаг Нетаниагийн хүү Ишмаел цохисноор тэд халдеичуудаас айх болсон тул тэгжээ.