Иеремиа 39:1-10
Иеремиа 39:1-10 АБ2013
Иудагийн хаан Зедекиагийн есдүгээр оны аравдугаар сард Вавилоны хаан Небухаднезар болон бүх цэрэг нь Иерусалимын эсрэг ирж, түүнийг бүслэв. Зедекиагийн арван нэг дэх оны дөрөвдүгээр сард, тэр сарын есөнд хотын хэрэм цөмлөгджээ. Тэгэхэд Вавилоны хааны бүх түшмэд болох Нергал-сар-езер, Самгар-небу, ахлах тайган Сар-сехим, тэргүүн мэргэч Нергал-сар-езер болон Вавилоны хааны хамаг үлдсэн түшмэд орж ирэн Дунд дааман хаалганы дэргэд сууцгаав. Иудагийн хаан Зедекиа болон бүх дайчин эрс тэднийг хараад, хааны цэцэрлэгийн замаар хоёр хэрмийн хоорондох хаалгаар дамжин хотоос шөнөөр зугтан гарчээ. Тэрээр Арабагийн замаар явав. Гэвч халдеичуудын цэргүүд тэднийг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барьсан бөгөөд тэд түүнийг бариад, Хаматын нутаг дахь Риблад буй Вавилоны хаан Небухаднезар дээр аваачсан ба тэрээр түүнд ял оноов. Дараа нь Вавилоны хаан, Зедекиагийн хөвгүүдийг Риблад нүднийх нь өмнө алав. Вавилоны хаан бас Иудагийн бүх дээдсийг алав. Тэрээр Зедекиагийн нүдийг ухаж хаяад, түүнийг Вавилонд аваачихаар хүрэл дөнгөөр дөнгөлжээ. Халдеичууд мөн хааны өргөө болон хүмүүсийн гэрийг галдан шатааж, Иерусалимын хэрмийг нураав. Хотод үлдсэн ард түмний үлдэгдлүүдийг урвасан буюу түүн уруу оргосон хүмүүстэй мөн үлдсэн бусад хүмүүстэй хамт ахлах хамгаалагч Небузарадан, Вавилон уруу цөллөгт аваачив. Харин юу ч үгүй хамгийн ядуу зарим хүн ахлах хамгаалагч Небузарадан Иудагийн нутагт хойноо үлдээж, тэдэнд тэр өдөр усан үзмийн ба тариалангийн талбайнуудыг өгөв.