Иеремиа 36:1-26

Иеремиа 36:1-26 АБ2013

Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд ЭЗЭНээс Иеремиад энэ үг ирж — Хуйлмал ном авч, Миний чамд айлдсан өдрөөс буюу Иосиагийн өдрүүдээс авахуулан энэ өдрийг хүртэл Израиль, Иуда болон бүх үндэстний талаар Миний чамд айлдсан бүх үгийг түүн дээр бич. Өөр дээр нь авчрах гэж Миний төлөвлөдөг бүх гай гамшгийг Иудагийн гэр сонсож магад. Ингэснээр хүн бүр муу замаасаа эргэх юм. Тэгээд Би тэдний хилэнц ба нүглийг уучилна гэжээ. Дараа нь Иеремиа, Нериагийн хүү Барухыг дуудсан бөгөөд Барух хуйлмал бичиг дээр Иеремиад ЭЗЭНий айлдсан бүх үгийг Иеремиагаар хэлүүлж бичив. Иеремиа, Барухад тушааж —Би хориотой. Би ЭЗЭНий өргөөнд орж болохгүй. Тиймээс чи явж, миний хэлж бичүүлсэн хуйлмал бичиг дээрээс ЭЗЭНий өргөөн дэх хүмүүст мацаг барих өдөр ЭЗЭНий үгсийг уншиж өг. Мөн чи тэднийг хотуудаасаа ирдэг бүх Иудад унших ёстой. Тэдний гуйлт ЭЗЭНий өмнө ирж, хүн нэгбүр нь муу замаасаа эргэж магад. Учир нь энэ ард түмний эсрэг ЭЗЭНий зарласан уур хилэн агуу гэлээ. Нериагийн хүү Барух ЭЗЭНий өргөөнд ЭЗЭНий үгсийг номоос уншин эш үзүүлэгч Иеремиагийн түүнд тушаасан бүхний дагуу үйлдэв. Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын тавдугаар оны есдүгээр сард Иерусалим дахь бүх хүн болон Иудагийн хотуудаас Иерусалимд ирсэн бүх хүн ЭЗЭНий өмнө мацаг барихыг тунхаглав. Тэгэхэд Барух, ЭЗЭНий өргөөний Шинэ хаалганы үүдэн дээр, дээд хашаанд, гүүш Шафаны хүү Гемариагийн танхимд буюу ЭЗЭНий өргөөнөө Иеремиагийн үгсийг номоос бүх хүнд уншиж өгөв. Шафаны ач, Гемариагийн хүү Микаиа ЭЗЭНий бүх үгийг номоос сонсоод, тэрээр хааны өргөө уруу, гүүшийн танхимд очив. Үзэгтүн, бүх түшмэл болох гүүш Елишама, Шемаиагийн хүү Делаиа, Ахборын хүү Елнатан, Шафаны хүү Гемариа, Хананиагийн хүү Зедекиа болон бүх түшмэл тэнд сууж байв. Барухыг номоос хүмүүст уншиж өгөхөд өөрийн сонссон бүх үгээ Микаиа тэдэнд мэдээлэв. Тэгээд бүх түшмэл Кушийн гуч, Шелемиагийн ач, Нетаниагийн хүү Иехудийг Барух уруу явуулж, “Чи хүмүүст уншсан хуйлмал номоо гартаа аваад, ир” гэж хэлүүлэв. Тийн Нериагийн хүү Барух хуйлмал номыг гартаа аваад тэдэн дээр ирэв. Тэд түүнд —Сууж, бидэнд түүнийг уншина уу гэж хэлээд, Барух тэдэнд түүнийг уншиж өгөв. Тэд бүх үгийг сонсоод, эмээн бие биенээ харж, Барухад —Бид эдгээр бүх үгийг хаанд заавал мэдэгдэнэ гэцгээв. Тэд Барухаас —Бидэнд хэлээч, чи эдгээр бүх үгийг хэрхэн бичсэн юм бэ? Түүгээр хэлүүлж бичсэн үү? гэж асуув. Тэгэхэд Барух тэдэнд —Тэрээр надад эдгээр бүх үгийг хэлж, би тэднийг номон дээр бэхээр бичив гэв. Тэгээд түшмэд Барухад —Яв, Иеремиа та хоёр нуугд. Хаана байгаагаа хэнд ч бүү мэдэгд гэцгээв. Ингээд тэд ордон дахь хаан уруу явсан боловч хуйлмал номоо гүүш Елишамагийн танхимд хадгалж, бүх үгийг хаанд мэдээлэв. Дараа нь хаан хуйлмал номыг авахуулахаар Иехудийг явуулсанд тэрээр гүүш Елишамагийн танхимаас түүнийг гаргаж авав. Иехуди түүнийг хаанд болон хааны хажууд зогсож байсан бүх түшмэлд уншиж өгөв. Хаан өмнө нь хоовонд асаж буй галтай өвлийн ордондоо есдүгээр сард сууж байлаа. Иехудийг гурав, дөрвөн багана унштал, хаан түүнийг гүүшийн хутгаар огтлоод хоовон дахь галд хуйлмал номыг шатаж дуустал хоовон дахь гал уруу шидэв. Гэлээ ч хаан болон эдгээр бүх үгийг сонссон бүх зарц нь айсан ч үгүй, хувцсаа урсан ч үгүй. Елнатан, Делаиа болон Гемариа нар хуйлмал номыг шатаахгүй байхыг хаанаас гуйсан боловч тэрээр тэднийг сонссонгүй. Хаан өөрийн хүү Иерахмеел, Азриелын хүү Сераиа болон Абдеелын хүү Шелемиад гүүш Барух ба эш үзүүлэгч Иеремиаг баривчлахыг тушаасан боловч ЭЗЭН тэднийг нуув.