Шүүгчид 2:10-23
Шүүгчид 2:10-23 АБ2013
Тэр үеийн хүмүүс бүгд эцэг өвгөдтэйгөө нэгдэхэд, ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилийн төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй өөр залуу үеийнхэн төрөн гарчээ. Израилийн хөвгүүд Баалд үйлчлэн ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв. Египетийн нутгаас өөрсдийг нь гарган авчирсан эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд орхиж, тэдний эргэн тойронд байгаа ард түмний бурхдыг даган тэдэнд мөргөж ЭЗЭНийг хилэгнүүлэв. Ийнхүү тэд ЭЗЭНийг орхиж, Баал болон Ашторэтэд үйлчилжээ. ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг тонох тонуулчдын гарт өгөв. Тэднийг дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол нь тойронд байгаа дайснуудынх нь гарт тэднийг тушаав. ЭЗЭНий айлдаж, тэдэнд тангарагласны дагуу тэд хаашаа ч явсан ЭЗЭНий мутар тэдэнд гамшгийг авчирсан бөгөөд тэд маш ихээр дарлагдав. Тэгээд ЭЗЭН шүүгчдийг босгосноор тэднийг тонуулчдын гараас аврав. Гэсэн ч тэд шүүгчдээ бас л сонсолгүй, өөр бурхдын араас даган завхайрлыг үйлдэж тэдэнд мөргөв. ЭЗЭНий тушаалыг дагаж явсан эцэг өвгөдийнхөө замаас тэд даруй гажиж эргэв. Тэд эцэг өвгөдийнхөө адил үйлдсэнгүй. ЭЗЭН тэдэнд шүүгчдийг босгохдоо тэр шүүгчтэй Өөрөө хамт байж, шүүгчийн амьд байх өдрүүдэд дайснуудынх нь гараас тэднийг аврав. Учир нь тэднийг дарангуйлан зовоогчдоос болж ёолоход нь ЭЗЭН тэднийг өрөвджээ. Гэвч шүүгчийг нас эцэслэсний хойно тэд эргэн буцаж, өөр бурхдыг даган тэдэнд мөргөснөөрөө эцэг өвгөдөөсөө улам илүү бузрыг үйлддэг байв. Тэд өөрсдийн бузар үйлс, зөрүүд явдлаа орхисонгүй. Тиймээс ЭЗЭНий хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр айлдахдаа —Энэ үндэстэн тэдний өвөг эцгүүдэд Миний тушаасан Миний гэрээг зөрчиж, Миний дуу хоолойд дуулгаваргүй хандлаа. Тиймд Иошуа өөд болохдоо үлдээсэн улс үндэстний нэгийг нь ч Би цаашид тэдний өмнөөс хөөж зайлуулахгүй. Эцэг өвгөдийнхөө адил ЭЗЭНий замаар замнах нь уу, үгүй юү хэмээн Израилийн ард түмнийг шалган сорихын тулд Би ингэх болно гэв. Иймд ЭЗЭН тэдгээр үндэстнийг дав дээр хөөлгүй үлдээсэн ба Тэр тэднийг Иошуагийн гарт тушаагаагүй билээ.