Шүүгчид 16:1-22

Шүүгчид 16:1-22 АБ2013

Самсон Газ уруу явав. Тэр тэнд нэгэн янхан эмийг хараад, түүн дээр оров. Самсон энд ирэв хэмээн Газынханд мэдэгдсэнд тэд түүнийг бүсэлж, хотын хаалганд бүхэл шөнө нуугдан түүнийг хүлээв. Тэд бүхэл шөнийн турш нам гүм байж —Үүр цайтал хүлээж байгаад, түүнийг алъя хэмээн хэлэлцэв. Самсон шөнө дунд хүртэл хэвтээд, шөнө дөлөөр босож, хотын хаалганы хавтсыг хоёр багана, тээгтэй нь хамт сугалж аван мөрөн дээрээ тавиад, Хеброны харалдаах уулын оройд үүрч аваачив. Түүний дараа Сорекийн хөндийд амьдардаг Делила хэмээх эмэгтэйд Самсон дурлажээ. Филистийн ноёд тэр эмэгтэйд ирж, түүнд —Самсоныг ятгаж эргүүлэн, түүний агуу хүч чадал юунд байгааг болон юугаар бид түүнийг дийлж, хүлж болох талаар олж мэдэгтүн. Тэгвэл бид хүн нэгбүр чамд мянга нэг зуун мөнгөн зоос өгнө гэв. Делила Самсонд —Чиний агуу хүч чадал юунд байгааг бас юугаар чамайг хүлж болохыг надад итгэн хэлж өгөөч хэмээн гуйсанд Самсон түүнд —Хэрэв тэд намайг нумын долоон шинэхэн хатаагүй шөрмөсөн хөвчөөр хүлбэл би дорой болж, бусад хүний адил болно гэв. Тэгэхэд филистийн ноёд нумын долоон шинэхэн хатаагүй шөрмөсөн хөвчийг өнөөх эмэгтэйд авчирсанд тэр түүгээр Самсоныг хүлэв. Тэр эмэгтэй мухрын өрөөндөө хэдэн хүнийг нуусан байв. Тэгээд тэр түүнд —Самсон, дээрээс чинь филистчүүд хэмээн бархирав. Гэвч Самсон бөх олсыг галд хүргэн таслах мэт шөрмөсийг таслав. Ингээд түүний хүч чадлын нууц эс илрэв. Делила, Самсонд —Чи намайг мэхлэн, надад худал хэлсэн. Одоо надад итгэ л дээ. Чамайг юугаар хүлж болох вэ гэв. Самсон түүнд —Хэрэв тэд хэрэглэж байгаагүй цоо шинэ олсоор намайг чанга хүлбэл би дорой болж, бусад хүний адил болно гэв. Делила цоо шинэ олс авч, түүнийг хүлээд —Самсон, дээрээс чинь филистчүүд хэмээн бархирав. Мухрын өрөөнд хэдэн эр нуугдсан байлаа. Гэвч Самсон тэр олсыг утас мэт таслан гараасаа унагав. Тэгэхэд Делила Самсонд —Өнөөг хүртэл чи намайг мэхлэн, надад худал хэлэв. Надад итгэ л дээ. Чамайг хэрхэн хүлж болохыг хэл хэмээн шаардав. Самсон түүнд —Хэрэв чи миний толгойн долоон туг үсийг нэхээд нэхмэлийн зүүгээр нь сүлбэж орхивол гэлээ. [Тийнхүү түүнийг унтаж байхад нь Делила түүний үснээс долоон туг үсийг нэхжээ.] Тэр үсийг нь нэхмэлийн зүүгээр сүлбээд —Самсон, дээрээс чинь филистчүүд хэмээн бархирав. Гэвч Самсон нойрноос сэрж, нэхмэлийн зүүг суурьтай нь, нэхмэлтэй нь угз татав. Тэгтэл нөгөө хүүхэн Самсонд —Зүрх сэтгэл чинь надаас хөндий атал “Би чамд хайртай” гэж чи яаж надад хэлж чадна вэ? Чи намайг гурвантаа мэхлэн чиний агуу хүч чадал юундаа байгааг надад хэлсэнгүй хэмээв. Тэрээр тэгээд өдөр бүр түүнийг үгээрээ хоргоон шахамдуулсанд түүний сэтгэл үхтлээ мятрав. Ингээд Самсон түүнд сэтгэлдээ буй бүгдийг уудлан ярьж —Миний толгойд тонгорог хүргэсэн удаагүй. Учир нь би эхийн хэвлийд байхаасаа Бурханы назир хүн байв. Миний үсийг хусвал миний хүч чадал надаас зайлж, би доройтон хүн бүрийн адил болно гэв. Ийнхүү зүрх сэтгэлээ бүгдийг дэлгэн ярьсныг нь Делила хараад, хүн явуулж Филистийн ноёдыг дуудан —Дахин нэг удаа хүрч ирэгтүн. Учир нь Самсон өөрийн зүрх сэтгэлээ бүгдийг надад дэлгэлээ гэж хэлүүлэв. Тэгэхэд Филистийн ноёд түүн дээр гартаа мөнгөө барьсаар ирэв. Өнөөх эмэгтэй Самсоныг өвдөг дээрээ унтуулж, нэгэн хүнийг дуудаад толгойн долоон туг үсийг нь хусуулсанд Самсон суларч сулдайн хүч нь арилжээ. Мөнөөх эмэгтэй —Самсон, дээрээс чинь филистчүүд гэж бархирав. Самсон нойрноосоо сэрж —Би өмнөх шигээ гарч яван, биеэсээ тэднийг таягдан сэгсэрье хэмээв. Харин ЭЗЭН түүнийг орхисныг тэр мэдсэнгүй. Тэгэхэд филистчүүд түүнийг барьж, нүдийг нь сохлоод, Газад авчран, хүрэл гинжээр дөнгөлөв. Ингээд Самсон шоронд буудай тээрэмдэгч болов. Үсийг нь хуссанаас хойш Самсоны толгойн үс дахин ургаж эхлэв.