Шүүгчид 11:1-15
Шүүгчид 11:1-15 АБ2013
Гилеад хүн Иефта нь эрэлхэг хүчит дайчин боловч янхны хөвгүүн байв. Гилеад, Иефтагийн эцэг байжээ. Гилеадын эхнэр ч түүнд хөвгүүдийг төрүүлэв. Тэр эхнэрийн хөвгүүд өсөж өндийгөөд Иефтаг хөөж, түүнд —Чи өөр эмийн хөвгүүн тул бидний эцгийн гэр чамд юу ч өвлүүлэхгүй гэв. Ийнхүү Иефта өөрийн ах дүүсээс дайжин зугтаж Тобын нутагт амьдрах болжээ. Үл бүтэх хүмүүс Иефта уруу цуглаж түүний хамт явав. Хэсэг хугацааны дараа Аммоны хөвгүүд Израилийн эсрэг дайтлаа. Аммоны хөвгүүд Израилийн эсрэг тулалдахад Гилеадын ахмадууд Иефтаг Тобын нутгаас авчрахаар явжээ. Тэд Иефтад —Ирж, биднийг Аммоны хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний жанжин бологтун гэж ятган хэлсэнд Иефта Гилеадын ахмадуудад —Намайг үзэн ядаж, эцгийн минь гэрээс хөөж гаргасан улс та нар биш бил үү? Одоо зовлонд орохоороо та нар яагаад над уруу ирэх болов? гэв. Гилеадын ахмадууд Иефтад —Чи бидэнтэй явж Аммоны хөвгүүдтэй тулалдвал Гилеадын бүх оршин суугчдын тэргүүн болно шүү дээ. Иймээс л бид чам уруу ирлээ гэв. Тэр Гилеадын ахмадуудаас —Хэрэв та нар намайг Аммоны хөвгүүдтэй тулалдуулахын тулд буцаан авч, ЭЗЭН тэднийг миний гарт өгвөл би үнэхээр та нарын тэргүүн болох уу? гэж асуусанд Гилеадын ахмадууд Иефтад —Бид чиний хэлснийг эс үйлдвэл ЭЗЭН бидний хооронд гэрч болог гэв. Тэгээд Иефта Гилеадын ахмадуудын хамт явж, ард олон түүнийг өөрсдийн тэргүүн бөгөөд жанжин болгов. Иефта Мизпад өөрийн хамаг үгийг ЭЗЭНий өмнө хэлэв. Иефта Аммоны хөвгүүдийн хаанд элч нарыг илгээж —Миний газар нутгийн эсрэг дайтахаар миний эсрэг ирэх юу чи бид хоёрын дунд болсон юм бэ? гэж хэлүүлсэнд Аммоны хөвгүүдийн хаан Иефтагийн элч нарт хариулж —Израиль Египетээс гарч ирэхдээ Арнонаас Иаббок хүртэлх мөн Иорданыг хүртэлх миний нутгийг авсан билээ. Тиймээс одоо эдгээр газар нутгийг энх тайвнаар буцааж өг гэжээ. Иефта Аммоны хөвгүүдийн хаанд дахин элч нарыг илгээж, түүнд Иефта ийнхүү хэлүүлжээ. “Моабын газрыг ч, Аммоны хөвгүүдийн нутгийг ч Израиль аваагүй.