Иаков 5:10-20
Иаков 5:10-20 АБ2013
Ах дүү нар аа, Эзэний нэрээр ярьж байсан эш үзүүлэгчдийн зовлон ба тэвчээрийн жишээг авагтун. Харагтун, бид тэвчсэнийг нь ерөөлтэйд тооцдог. Та нар Иовын тэвчээрийн тухай сонсож, Эзэний хийсэн төгсгөлийг харсан. Учир нь Эзэн энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм. Харин юуны өмнө, ах дүү нар минь, та нар тэнгэрээр ч, газраар ч, өөр ямар ч андгайгаар бүү тангарагла. Харин та нарын “за нь за”, “үгүй нь үгүй” байг. Ингэснээр та нар шүүлт дор унахгүй юм. Та нар дунд хэн нэг нь зовж байна уу? Тэр нь залбираг. Хэн нэг нь хөгжилтэй байна уу? Тэр нь магтан дуулаг. Та нар дунд хэн нэг нь өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг. Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж, Эзэн түүнийг босгоно. Тэр нүгэл үйлдсэн болвоос тэрээр уучлагдах болно. Тийм учраас бие биенийхээ өмнө нүглээ улайж, бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвтийн залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна. Елиа бидэнтэй адил жирийн хүн байсан. Бороо оруулахгүйн тулд түүнийг шургуу залбирахад гурван жил зургаан сар газарт бороо ороогүй билээ. Түүнийг дахин залбирахад тэнгэрээс хур бороо асгаж, газар үр жимсээ ургуулсан юм. Ах дүү нар минь, хэрэв та нарын нэг чинь үнэнээс гажаад, хэн нэг чинь түүнийг эргүүлэн авчирвал, хуурамч замаас нь нүгэлтнийг эргүүлж авчирсан тэр хүн түүний сэтгэлийг үхлээс аварч, тоо томшгүй олон нүглийг халхлах болно гэдгийг та нар мэдэгтүн.