Еврей 9:1-14

Еврей 9:1-14 АБ2013

Тэгэхлээр анхны гэрээ нь энэ дэлхийн ариун юмс ба үйлчлэлийн тогтоолуудтай байж. Эхлээд асар бэлтгэгдсэн юм. Түүний дотор дэнлүүний суурь, ширээ, тавиг талх байв. Энэ нь “Ариун газар” хэмээгдсэн юм. Хоёр дахь хөшигний ард “Ариунаас ариун газар” гэгддэг асар байв. Тэнд утлага тахилын алтан ширээ, алтаар битүү бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа. Хэлтрүүлгийн тагийг халхлагч алдрын херубууд дээр нь байсан. Гэвч одоо энэ талаар нэгбүрчлэн ярьж чадахгүй. Эдгээр нь ийнхүү бэлтгэгдмэгц, тахилч нар үйлчлэлийг гүйцэтгэхээр эхний асарт байнга ордог бөгөөд харин хоёр дахь хэсэгт жилд ганц удаа зөвхөн тэргүүн тахилч ордог. Ингэхдээ тэр өөрийн болон хүмүүсийн мэдэлгүйгээр үйлдсэн нүглийн учир өргөх ёстой цусгүйгээр эс ордог байжээ. Эхний асар байгаа цагт ариун газарт орох зам нээгдээгүй хэвээр гэдгийг Ариун Сүнс харуулж байна. Энэ нь өнөө үеийн төлөөх бэлгэдэл юм. Ёсоор нь өргөгддөг бэлэг ба тахил нь үйлчлэгчийг мөс чанарынх нь хувьд төгс болгож чадахгүй. Харин бүх юмсыг байранд нь тавих цаг хүртэл хоол, унд, олон янзын угаал бүхий зөвхөн махбодод хамаатай тогтоолуудыг л энэ нь шийддэг юм. Харин ирэх сайн юмсын Тэргүүн тахилчаар Христ ирэхдээ илүү агуу бөгөөд илүү төгс асраар нэвтрэв. Энэ асар гараар хийгдээгүй, өөрөөр хэлбэл энэхүү бүтээлийнх биш ажээ. Тэр ямааны болоод тугалын цусаар бус, харин мөнхийн золилтыг агуулан, Өөрийнхөө цусаар ариун газарт нэгмөсөн бүгдийн төлөө орсон. Учир нь махбодыг цэвэршүүлэхийн тулд бузартагсдын дээр ямааны болоод бухын цус, охин бярууны үнсийг цацаж ариусгадаг юм бол, тэгэх тусмаа мөнх Сүнсээр өө сэвгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь мөс чанарыг маань үхлийн үйлсээс цэвэрлэн, амьд Бурханд үйлчлүүлнэ шүү дээ!