Еврей 6:9-20

Еврей 6:9-20 АБ2013

Хайртууд минь, хэдийгээр бид ийнхүү ярьж байгаа боловч та нарын тухай илүү сайн зүйлс буюу авралд хамаатай зүйлсийн тухайд итгэлтэй байна. Учир нь ариун хүмүүсийн үйлчлэлд Түүний төлөө та нарын үзүүлсэн, бас үзүүлсээр байгаа үйлчлэл ба хайрыг чинь Тэр хайхралгүй орхихгүй. Бурхан шударга бус биш ээ. Харин бидний хүсэх нь, хүн нэгбүр чинь найдварын бүрэн баталгааны төлөө эцсээ хүртэл адилхан хүчин чармайлт гаргаж, хойргошилгүй, итгэл ба тэвчээрээр амлалт өвлөгсдийн дуурайгсад болцгоох явдал юм. Учир нь Бурхан Абрахамд амлалт өгөхдөө Өөрөөсөө агуу хэнээр ч андгайлах боломжгүйгээс хойш Өөрөөрөө тангараглаж, “Би үнэхээр чамайг ерөөж чамайг улам олон болгоно” гэж айлджээ. Тэгэхэд Абрахам тэвчээртэй хүлээснээрээ амлалтыг хүртжээ. Учир нь хүмүүс өөрсдөөсөө агуу нэгнээр андгайлдаг бөгөөд тэрхүү андгай тэдний хувьд аливаа зөрчлийг төгсгөх баталгаа нь болдог. Тиймээс Бурхан амлалтыг өвлөгчдөд Өөрийнхөө зорилгын өөрчлөгдөшгүйг үзүүлэхийг хүсэж андгай өгчээ. Өмнө маань тавигдсан найдварыг барьж авахаар хоргодох газар уруу зугтаагч бид Бурханы хувьд худал айлдах боломжгүй, өөрчлөгдөшгүй хоёр зүйлээр дамжуулан хүчтэй урам авахын тулд тэгжээ. Энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт бөгөөд найдвартай хөдөлгөөнгүй агаад хөшигний дотуур нэвтрэн ордог. Мелхизедекийн хэргэмийн дагуу үүрд Тэргүүн тахилч болж, бидний төлөө урд маань гүйгч адил Есүс тийшээ орсон билээ.