Эхлэл 42:1-24
Эхлэл 42:1-24 АБ2013
Энэ үед Египетэд үр тариа байгааг Иаков мэдээд, хөвгүүддээ хандаж —Та нар яагаад бие биенээ хараад суугаад байгаа юм бэ? гэж хэлэв. Иаков бас —Харагтун, Египетэд үр тариа байна гэж би сонслоо. Та нар тийшээ явж, тэндээс бидэнд үр тариа худалдаж ав! Тэгвэл бид үхэхгүй амьд үлдэнэ гэв. Тэгээд Иосефын арван ах нь Египетээс үр тариа худалдаж авахаар явав. Харин Иосефын дүү Бениаминыг Иаков “Түүнд гай тохиолдох вий” гээд ах нартай нь хамт явуулсангүй. Канаан нутагт ган зуд болсон учир үр тариа худалдаж авахаар ирэгсдийн дунд Израилийн хөвгүүд ч байжээ. Иосеф тэр нутгийн эрх мэдэлтэн нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв. Иосеф ах нараа хармагц тэднийг танив. Гэвч тэрээр таньдаггүй хүн шиг —Та нар хаанаас ирэв? гэж ширүүн дуугаар хэлсэнд тэд —Бид үр тариа худалдаж авахаар Канаан нутгаас ирцгээлээ гэв. Иосеф ах нараа таньсан боловч тэд түүнийг таньсангүй. Тэгтэл Иосеф тэдний тухай зүүдэлсэн зүүдээ санаж —Та нар бол туршуулууд. Та нар манай эндээс дэл сул газар хайхаар ирсэн байна гэж тэдэнд хэлэв. Тэд харин түүнд —Үгүй, эзэн минь! Таны зарц бид хоол хүнс худалдан авахаар л ирцгээлээ. Бид бүгд нэг хүний хөвгүүд. Бид үнэнч шударга улс. Таны зарц нар бид туршуул биш гэсэнд Иосеф харин тэдэнд —Үгүй. Та нар дэл сул газар хайж ирсэн байна гэж хэлэв. Тэгтэл тэд —Таны зарц бид бол Канаан нутгийн нэг хүний хөвгүүд бөгөөд ах дүү арван хоёулаа, үзэгтүн, отгон дүү маань аавтайгаа хамт байгаа. Нөгөө нэг нь алга болсон гэв. Иосеф харин тэдэнд —Миний хэлснээр та нар туршуулууд мөн. Та нарыг ийм нэг зүйлээр шалгаж үзье. Фараон амьд! Та нарын отгон дүү энд ирэхгүй бол та нар эндээс явж чадахгүй! Та нар нэгийгээ илгээж, дүүгээ авчруул. Харин та нар энд хоригдох болно. Та нарын үгийг шалгаж, үнэнч эсэхийг чинь үзнэ. Фараон амьд! Хэрэв тийм биш байвал та нар туршуул мөн гэв. Тэгээд Иосеф тэднийг хамтад нь гурван хоног хорионд байлгав. Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд —Би Бурханаас эмээдэг тул та нар ийм нэг юм хийгээд амиа аварцгаа. Хэрэв та нар үнэнч шударга хүмүүс бол ах дүү нараасаа нэгийг хорионыхоо байранд үлдээгээд, бусад нь харин явж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэр орондоо үр тариа хүргэж өг! Тэгээд отгон дүүгээ над дээр аваад ир. Тэгвэл та нарын үг үнэн болж, та нар үхэхгүй болно гэв. Тэгээд тэд тэр ёсоор үйлджээ. Тэд —Бид дүүгийнхээ явдлаас болж ялтан болцгоолоо. Биднээс энэрлийг гуйсан түүний сэтгэлийн зовлон шаналлыг нь бид харсан ч сонсоогүй тул тэр зовлон бидэнд ирж байна хэмээн өөр хоорондоо ярьцгаав. Реубен бусдадаа —Тэр хөвгүүнд битгий нүгэл үйлд гэж би та нарт хэлээгүй юү? Гэвч та нар сонсоогүй. Харагтун, одоо түүний цус нэхэгдэж байна гэж хэлжээ. Тэд өөр хоорондоо хэлмэрчээр дамжуулан ярилцаж байсан учир Иосеф тэр үгийг нь ойлгосныг тэд мэдсэнгүй. Иосеф тэднийг орхин гарч, уйлав. Дараа нь тэрээр тэдэн дээр эргэж ирээд, тэдэнтэй ярилцав. Иосеф тэдний дундаас Симеоныг барьж, тэдний нүдний өмнө хүлж орхив.