Эхлэл 41:9-36

Эхлэл 41:9-36 АБ2013

Ахлах сөнч, Фараонд —Өнөөдөр би гэм нүглээ саналаа. Фараон та зарц нартаа уурлаж, намайг ахлах талхчны хамт хамгаалагчдын захирагчийн байшинд хорионд өгч билээ. Тэгэхэд тэр бид хоёр нэгэн шөнө зүүд зүүдэлсэн. Бид хоёрын зүүд өөр өөр тайлалтай байсан. Тэнд хамгаалагчдын захирагчийн боол, еврей залуу бидэнтэй хамт байсан бөгөөд бид түүнд зүүдээ ярьсанд, тэрээр бидний зүүдийг тайлж өгсөн юм. Тэр залуу бидний зүүдийг тус тусад маань тайлсанд түүний тайлал ёсоор болж, би хуучин албандаа эргэж ороод, нөгөөх маань дүүжлүүлсэн билээ гэж хэлэв. Тэгээд Фараон зарлага явуулж, Иосефыг дуудуулав. Тэд түүнийг гяндангаас даруй гаргажээ. Иосеф сахлаа хусаж, хувцсаа солиод, Фараон дээр орж ирэв. Фараон, Иосефт —Би нэг зүүд зүүдэллээ. Гэтэл түүнийг тайлж чадах хүн нэг ч байсангүй. Чамайг зүүд тайлж чаддаг гэж би сая сонслоо гэв. Иосеф, Фараонд —Энэ бол би биш, харин Бурхан Фараонд сэтгэлийг амраах хариу өгнө гэв. Фараон, Иосефт —Харагтун, би зүүдэндээ голын эрэг дээр зогсож байх юм. Тэгтэл, харагтун, тарган сайхан долоон үхэр голоос гарч ирээд, нугад бэлчиж байлаа. Тэдний хойноос туранхай, маш муухай долоон үхэр гарч ирлээ. Би тэдэн шиг муухай үхрүүдийг Египетийн нутагт хэзээ ч үзээгүй билээ. Тэр туранхай муухай үхрүүд түрүүчийн долоон тарган үхрийг идчихлээ. Тэд түүнийг идсэн боловч юу ч идээгүй юм шиг урьдын адил муухай хэвээрээ л байлаа. Тэгээд би сэрлээ. Би эргэж унтав. Харагтун, нэг ишнээс долоон өтгөн, сайхан тариан түрүү ургахыг зүүдэндээ харав. Тэгтэл, харагтун, түүний дараа дорнын салхинд хатаж гандсан, хорчгор нарийхан долоон түрүү гарч ирэв. Тэгээд тэр нарийхан түрүүнүүд долоон сайхан түрүүгээ залгичихав. Би зүүдээ мэргэ төлгөчдөд хэлсэн боловч түүнийг надад тайлж чадах хүн нэг ч байсангүй гэв. Иосеф, Фараонд —Фараон таны зүүд чинь нэг л юм байна. Бурхан Өөрийн хийх гэж байгаа зүйлийг Фараонд үзүүлжээ. Долоон сайхан үхэр бол долоон жил, долоон сайхан түрүү нь бас долоон жил юм. Эдгээр зүүд нь нэг юм. Тэдний хойноос гарч ирсэн долоон туранхай, муухай үхэр нь долоон жил юм. Мөн дорнын салхинд хатаж гандсан, хорчгор нарийхан долоон хоосон түрүү нь өлсгөлөнгийн долоон жил юм. Бурхан үйлдэх гэж байгаа зүйлээ Фараонд үзүүлсэн гэж Фараонд миний хэлсэн үг бол энэ юм. Харагтун, Египетийн нутаг даяар маш өнтэй сайхан долоон жил болж, дараа нь ган зудтай долоон жил залгаж, Египетийн нутагт өнтэй сайхан байсан бүхэн мартагдаж, нутаг орныг өлсгөлөн туйлдуулах болно. Энэхүү өлсгөлөн нүүрлэсний дараа маш хүнд хэцүү болох учир тэр нутагт өнтэй сайхан байснаас танигдах юм юу ч үгүй болно. Фараон та тэр зүүдийг хоёр дахин зүүдэлсэн нь Бурханаас энэ нь тогтоогдсон гэсэн үг бөгөөд Бурхан үүнийгээ даруй үйлдэх болно. Тэгээд одоо Фараон хэрсүү, мэргэн ухаантай хүн олж, Египетийн нутагт томил. Фараон тийнхүү газар нутагтаа түшмэдийг томилж, өнтэй сайхан долоон жилийн дотор Египетийн газар нутгийн ургацын тавны нэгийг нь хурааж, ирэх өнтэй сайхан он жилүүдийн бүх ургацыг тэднээр хураалгаж, үр тариагаа Фараоны гарт мэдүүлж, хүнсэнд зориулан хотуудад хадгалуул. Энэ ургацыг Египет нутагт болох гэж байгаа өлсгөлөнгийн долоон жилд зориулан нутагтаа нөөцөл. Тэгвэл тэр газар нутаг өлсгөлөнгөөр сүйрэхгүй болно гэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна