Эхлэл 41:14-52
Эхлэл 41:14-52 АБ2013
Тэгээд Фараон зарлага явуулж, Иосефыг дуудуулав. Тэд түүнийг гяндангаас даруй гаргажээ. Иосеф сахлаа хусаж, хувцсаа солиод, Фараон дээр орж ирэв. Фараон, Иосефт —Би нэг зүүд зүүдэллээ. Гэтэл түүнийг тайлж чадах хүн нэг ч байсангүй. Чамайг зүүд тайлж чаддаг гэж би сая сонслоо гэв. Иосеф, Фараонд —Энэ бол би биш, харин Бурхан Фараонд сэтгэлийг амраах хариу өгнө гэв. Фараон, Иосефт —Харагтун, би зүүдэндээ голын эрэг дээр зогсож байх юм. Тэгтэл, харагтун, тарган сайхан долоон үхэр голоос гарч ирээд, нугад бэлчиж байлаа. Тэдний хойноос туранхай, маш муухай долоон үхэр гарч ирлээ. Би тэдэн шиг муухай үхрүүдийг Египетийн нутагт хэзээ ч үзээгүй билээ. Тэр туранхай муухай үхрүүд түрүүчийн долоон тарган үхрийг идчихлээ. Тэд түүнийг идсэн боловч юу ч идээгүй юм шиг урьдын адил муухай хэвээрээ л байлаа. Тэгээд би сэрлээ. Би эргэж унтав. Харагтун, нэг ишнээс долоон өтгөн, сайхан тариан түрүү ургахыг зүүдэндээ харав. Тэгтэл, харагтун, түүний дараа дорнын салхинд хатаж гандсан, хорчгор нарийхан долоон түрүү гарч ирэв. Тэгээд тэр нарийхан түрүүнүүд долоон сайхан түрүүгээ залгичихав. Би зүүдээ мэргэ төлгөчдөд хэлсэн боловч түүнийг надад тайлж чадах хүн нэг ч байсангүй гэв. Иосеф, Фараонд —Фараон таны зүүд чинь нэг л юм байна. Бурхан Өөрийн хийх гэж байгаа зүйлийг Фараонд үзүүлжээ. Долоон сайхан үхэр бол долоон жил, долоон сайхан түрүү нь бас долоон жил юм. Эдгээр зүүд нь нэг юм. Тэдний хойноос гарч ирсэн долоон туранхай, муухай үхэр нь долоон жил юм. Мөн дорнын салхинд хатаж гандсан, хорчгор нарийхан долоон хоосон түрүү нь өлсгөлөнгийн долоон жил юм. Бурхан үйлдэх гэж байгаа зүйлээ Фараонд үзүүлсэн гэж Фараонд миний хэлсэн үг бол энэ юм. Харагтун, Египетийн нутаг даяар маш өнтэй сайхан долоон жил болж, дараа нь ган зудтай долоон жил залгаж, Египетийн нутагт өнтэй сайхан байсан бүхэн мартагдаж, нутаг орныг өлсгөлөн туйлдуулах болно. Энэхүү өлсгөлөн нүүрлэсний дараа маш хүнд хэцүү болох учир тэр нутагт өнтэй сайхан байснаас танигдах юм юу ч үгүй болно. Фараон та тэр зүүдийг хоёр дахин зүүдэлсэн нь Бурханаас энэ нь тогтоогдсон гэсэн үг бөгөөд Бурхан үүнийгээ даруй үйлдэх болно. Тэгээд одоо Фараон хэрсүү, мэргэн ухаантай хүн олж, Египетийн нутагт томил. Фараон тийнхүү газар нутагтаа түшмэдийг томилж, өнтэй сайхан долоон жилийн дотор Египетийн газар нутгийн ургацын тавны нэгийг нь хурааж, ирэх өнтэй сайхан он жилүүдийн бүх ургацыг тэднээр хураалгаж, үр тариагаа Фараоны гарт мэдүүлж, хүнсэнд зориулан хотуудад хадгалуул. Энэ ургацыг Египет нутагт болох гэж байгаа өлсгөлөнгийн долоон жилд зориулан нутагтаа нөөцөл. Тэгвэл тэр газар нутаг өлсгөлөнгөөр сүйрэхгүй болно гэв. Энэ нь Фараон болон түүний бүх зарц нарын нүднээ таатай байв. Фараон зарц нартаа —Бурханы Сүнстэй энэ мэт хүн бидэнд олдох уу? гээд, Фараон, Иосефт —Бурхан энэ бүх зүйлийг чамд л таниулсан учир чам шиг хэрсүү, мэргэн ухаантай хүн алга. Чи миний өргөөг захир. Миний ард түмэн бүгдээрээ чиний амаар байг. Би зөвхөн хаан ширээнд сууж байгаагаараа чамаас илүү гэв. Фараон —Харагтун, би чамд Египетийн бүх газар нутгийг захируулна гэж Иосефт хэлээд, өөрийн тамгатай бөгжөө гараасаа мултлан, Иосефын гарт зүүж, нарийн даавуун дээлээ өмсгөн, алтан гинжийг хүзүүнд нь зүүв. Тэгээд тэр өөрийн хоёр дахь сүйх тэргэндээ түүнийг суулгасан ба түүний өмнө —Сөгдөцгөө! хэмээн хашхирч байлаа. Ийнхүү Египетийн бүх газар нутгийг Фараон Иосефт захируулжээ. Фараон, Иосефт —Би бол Фараон. Чамгүйгээр гараа эсвэл хөлөө өргөх хүн Египет даяар байхгүй болно гэж хэлэв. Тэгээд Фараон, Иосефт Зафенат-панеа гэдэг нэр хайрлаж, Оны тахилч Потиферагийн охин Асенатыг түүнд эхнэр болгон өгөв. Тэгээд Иосеф гарч Египетийн бүх газар нутгаар аялав. Иосеф Египетийн хаан Фараоны өмнө зогсохдоо гучин настай байлаа. Иосеф Фараоныхаас гараад, Египетийн бүх газар нутгаар аялав. Өнтэй долоон жилийн туршид тэр нутагт маш арвин ургац гарчээ. Иосеф Египетийн газар нутагт өнтэй байсан долоон жилийн бүх ургацыг хураан авч, хотуудад хадгалж, хотын эргэн тойрон дахь талбайн ургацыг хот тусбүрд нь нөөцлөв. Иосеф далайн эргийн элс мэт арвин их тариа нөөцөлсөн нь хэмжээлшгүй их болсон учир түүнийгээ тоолохоо ч больжээ. Өлсгөлөнгийн жилээс өмнө Иосефт хоёр хүү төрөв. Тэднийг Оны тахилч Потиферагийн охин Асенат Иосефт төрүүлжээ. Иосеф ууган хүүдээ Манассе гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан, миний хамаг зовлон хийгээд эцгийн минь гэрийг бүхэлд нь надад мартуулсан юм” гэжээ. Удаах хүүдээ Ефраим гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан, зовлон зүдүүрийн маань газарт намайг үржүүлснээс тэр болой” гэжээ.