Эхлэл 39:7-23

Эхлэл 39:7-23 АБ2013

Түүнээс хойш эзнийх нь эхнэр Иосефт харц чулуудаж —Надтай унтаач гэж хэлэв. Харин Иосеф татгалзаж, эзнийхээ эхнэрт —Харагтун, миний эзэн гэрийн доторх юунд ч санаа тавьдаггүй бөгөөд өөрийн эзэмшдэг бүхнээ тэрээр миний гарт өгсөн учир энэ гэрт надаас илүү их хүн байхгүй. Та түүний эхнэр учир тэр танаас бусад юуг ч надад хориглоогүй. Би яаж ийм ёрын муу хэрэг хийж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ? гэв. Тэр эмэгтэй өдрөөс өдөрт Иосефыг ятгасаар байсан боловч тэрээр өөртэйгөө унт гэснийг нь ч, хамт бай гэснийг нь ч сонссонгүй. Нэгэн өдөр Иосефыг ажилаа хийхээр гэрт ороход гэрийнхнээс нэг ч хүн тэнд байсангүй. Тэр эмэгтэй түүний хувцаснаас чангааж —Надтай унтаач гэсэнд Иосеф түүний гарт хувцсаа орхиод, гадагш зугтан гарав. Иосеф түүний гарт хувцсаа хаян зугтаж гарахыг хараад тэр эмэгтэй гэрийнхнээ дуудан тэдэнд —Хараач, эзэн маань бидэнд еврей хүн авчирч түүгээр биднийг доромжлууллаа. Тэр намайг хүчирхийлэх гэж над дээр орж ирлээ. Тэгээд би чангаар хашхирсан. Тэр миний чанга дуугаар хашхирахыг сонсоод хувцсаа миний дэргэд орхин гадагш зугтаж гарлаа гэв. Тэрээр эзнийгээ гэртээ иртэл нь нөгөө хувцсыг дэргэдээ тавьж байв. Тэгээд тэр түүнд нөгөө үгээ хэлж —Чиний бидэнд авчирсан еврей боол намайг доромжлохоор над дээр орж ирээд, намайг дуугаа өндөрсгөн хашхирахад тэрээр хувцсаа миний дэргэд орхиод, гадагш зугтаж гарсан гэв. Эзэн нь “Чиний боол надад ийм юм хийлээ” гэж хэлсэн эхнэрийнхээ үгийг сонсоод уур нь шатжээ. Тэгээд Иосефын эзэн түүнийг барьж, хааны хоригдлуудыг хорьдог шоронд хорив. Иосеф шоронд хоригдож байсан ч ЭЗЭН Иосефтой хамт байж, түүнд энэрэл хайр үнэнээр хандаж, тэрээр шоронгийн ахлагчийн нүдэнд тааллыг олжээ. Шоронгийн харгалзагч нь шоронд байсан бүх хоригдлыг Иосефын гарт даатгав. Тэнд хийгдэх ажил болгонд Иосеф хариуцлагатай байв. Шоронгийн харгалзагч нь Иосефын гар дор байсан зүйлийн өчүүхнийг нь ч хянадаггүй байлаа. Учир нь ЭЗЭН Иосефтой хамт байж, түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгожээ.

Эхлэл 39:7-23-д зориулсан видео