Эхлэл 37:12-28
Эхлэл 37:12-28 АБ2013
Ах нар нь Шехемд очиж эцгийнхээ хонийг хариулахаар явахад Израиль, Иосефт —Ах нар чинь Шехемд хонио хариулж байгаа биш үү? Нааш ир, би чамайг тэдэн уруу явуулъя гэсэнд Иосеф эцэгтээ —Би энд байна гэжээ. Израиль түүнд —Одоо чи яваад ах нараа бас хонин сүргээ мэнд сайн байгаа эсэхийг үзэж надад эргэж хэл авчир гээд түүнийг Хеброны хөндийгөөс илгээжээ. Тэрээр Шехемд ирэв. Харагтун, түүнийг хээр талд тэнэж явахад нь нэг хүн түүнийг олоод, түүнээс —Чи юу эрж яваа юм бэ? гэж асуусанд тэрээр —Би ах нараа эрж байна. Тэдний хаана хонио хариулж байгааг нь надад хэлж өгнө үү? гэсэнд тэр хүн —Тэд эндээс явцгаасан. “Дотан уруу явцгаая” гэж тэдний хэлэлцэхийг нь би сонссон гэв. Тэгээд Иосеф ах нарынхаа хойноос явж, тэднийг Дотанаас олжээ. Тэд Иосефыг тэдэнд ойртож ирэхээс нь өмнө холоос хараад, түүнийг алахаар хуйвалджээ. Тэд —Хараач, өнөөх зүүдний эзэн чинь ирж байна хэмээн бие биендээ хэлээд — За, одоо цөмөөрөө нааш ир, түүнийг цохиж алаад, энэ нүхнүүдийн нэгэнд хаяж “Зэрлэг араатан түүнийг идсэн” гэж хэлцгээе. Тэгээд түүний зүүд юу болохыг харцгаая л даа гэжээ. Реубен үүнийг сонсоод Иосефыг тэдний гараас аврахаар —Цөмөөрөө түүнийг алахаа больё гэв. Реубен бас тэдэнд —Цус бүү урсга. Түүнийг цөлийн энэ нүхэнд хая харин түүнд гар бүү хүр! гэв. Энэ нь түүнийг аварч, эцэгт нь буцаах гэснийх ажээ. Иосефыг ах нар дээрээ хүрч ирмэгц тэд Иосефын өмсөж байсан ханцуйтай урт дээлийг нь хуу татан түүнийг барьж аваад нүхэнд хаяв. Харин тэр нүх нь хоосон, дотроо усгүй байлаа. Тэд сууцгаан хоолоо идэж байгаад нүдээ өргөн хартал ишмаелчуудын жингийн цуваа Гилеадаас ирж явав. Тэд тэмээнүүддээ анхилуун үнэрт бараа, үнэрт давирхай, гүгэл ачаад Египет уруу аваачихаар явж байжээ. Иуда ах дүү нартаа —Бид дүүгээ алж, түүний цусыг нууснаар юу хожих юм бэ? Түүнийг ишмаелчуудад худалдацгаая! Түүнд гар бүү хүрцгээ! Тэр бол бидний дүү, мах цусны маань тасархай гэсэнд ах дүү нар нь сонсоцгоов. Мидианыхны худалдаачид ирж өнгөрөхөд тэд Иосефыг нүхнээс нь татаж гаргаад ишмаелчуудад хорин шекел мөнгөөр түүнийг худалдав. Жинчид Иосефыг авч Египет уруу оджээ.