Эхлэл 26:1-35
Эхлэл 26:1-35 АБ2013
Абрахамын үед анх ган гачиг болсон тэр газарт дахин ган гачиг болсонд Исаак Герар уруу одож, Филистийн хаан Абимелех дээр хүрч очжээ. ЭЗЭН, Исаакт үзэгдэж —Чи Египет уруу бүү яв! Миний зааж өгөх газарт суурьш. Тэр газарт суу. Би чамтай хамт байж, чамайг ерөөн, энэ бүх газрыг чамд болон чиний үр удамд өгнө. Би чиний эцэг Абрахамд андгайлсан тангаргаа биелүүлнэ. Би чиний үр удмыг тэнгэрийн од мэт олон болгож, энэ бүх газрыг чиний үр удамд өгнө. Газар дэлхийн бүх үндэстэн чиний үр удмаар дамжин ерөөгдөх болно. Учир нь Абрахам Миний дуу хоолойг сонсон дуулгавартай дагаж, Миний журам заавар, Миний тушаал, Миний зарлиг болон Миний хуулийг сахисан билээ гэв. Тэгээд Исаак Герарт амьдран суух болжээ. Тэр нутгийн хүмүүс эхнэрийнх нь талаар асуусанд тэр —Энэ бол миний охин дүү гэжээ. Ребека нуруу гоолиг, царай үзэсгэлэнтэй учраас энэ нутгийнхан түүнээс болж өөрийг нь алж магадгүй гээд өөрийнхөө эхнэр гэж хэлэхээс тэр айжээ. Исаак тэнд удаан хугацаагаар суусан бөгөөд Филистийн хаан Абимелех цонхоороо харж байгаад, Исаак эхнэр Ребекагаа энхрийлэхийг нь үзсэн аж. Абимелех Исаакийг дуудан —Тэр үнэхээр чиний эхнэр атал чи юунд түүнийг энэ миний охин дүү гэж хэлсэн бэ? гэсэнд Исаак —Ребекагаас болоод би үхчихгүй юмсан гэж бодсон юм гэв. Абимелех —Чи биднийг яаж байгаа чинь энэ вэ? Манай хүмүүсийн нэг нь эхнэртэй чинь хялбархан унтчихаж болох байсан. Тэгээд чи бидэн дээр ял буулгах байлаа гэв. Тэгээд Абимелех —Энэ хүнд юмуу эсвэл түүний эхнэрт гар хүрсэн хэн ч болов үхэх болно гэж бүх ард олондоо тушаажээ. Тэгээд Исаак тэр газарт тариа тарьж, тэр жилдээ зуу дахин их ургац авав. ЭЗЭН түүнийг ерөөжээ. Тэрээр агуу их болж, маш агуу нэгэн болтлоо өслөө. Тэр хонин сүрэг, үхэр сүрэг, асар олон хамжлагатай байсан бөгөөд филистчүүд түүнд атаархаж, түүний эцэг Абрахамын өдрүүдэд зарц нарынх нь ухаж гаргасан бүх худгийг шороогоор дүүргэн битүүлэв. Абимелех, Исаакт —Чи биднээс илүү хүчтэй болсон учир биднийг орхиж яв гэв. Исаак тэндээс хөдлөн явж, Герарын хөндийд майхнаа барьж, тэнд суув. Эцэг Абрахамынх нь өдрүүдэд ухаж гаргасан худгуудыг Исаак дахин ухжээ. Учир нь Абрахамыг өөд болсны дараа тэдгээрийг нь филистчүүд булж битүүлсэн байв. Исаак тэдгээрийг эцгийнхээ өгсөн нэрээр нэрийдэв. Исаакийн зарц нар Герарын хөндийд газар ухаж, ундарга сайтай худаг олжээ. Герарын малчид Исаакийн малчидтай маргалдаж —Энэ ус манайх гэсэнд тэр маргалдаанаас болж, Исаак уул худгийг Есек гэж нэрлэв. Тэд өөр нэг худаг ухаж бас дахин маргалджээ. Исаак түүнийг Ситна гэж нэрлэжээ. Тэр тэндээс нүүж бас нэг худаг ухсанд дахин маргаан гараагүй учир түүнийг Рехобот гэж нэрлээд —ЭЗЭН бидэнд газрыг тэлж өгсөн бөгөөд бид энэ нутаг дээр үржих болно гэв. Исаак тэндээс Беершебагийн зүг явав. Тэр шөнө нь ЭЗЭН түүнд үзэгдэж —Би бол чиний эцэг Абрахамын Бурхан. Бүү ай! Би чамтай хамт учир Зарц Абрахамынхаа төлөө чамайг Би ерөөн Үр удмыг чинь олшруулах болно гэв. Исаак тэнд тахилын ширээ босгож, ЭЗЭНий нэрийг дуудан, тэнд майхнаа барьж, түүний зарц нар худаг ухжээ. Тэгтэл Абимелех өөрийн шадар Ахуззат, цэргийн жанжин Фикол нарынхаа хамт Герараас Исаак дээр ирэв. Исаак тэдэнд —Та нар намайг үзэн ядаж, өөрсдөөсөө хөөн явуулсан атлаа юунд над дээр хүрч ирэв? гэсэнд тэд —ЭЗЭН чамтай хамт байгааг бид үзлээ. Тиймээс та бидний хооронд тангараг байж, тантай гэрээ байгуулъя гэж бид хоорондоо хэлэлцсэн юм. Бид чамд гар хүрэлгүй, зөвхөн сайныг хийж, чамайг амар тайван явуулсан шиг чи бидэнд хор хөнөөл бүү хий. Чи бол одоо ЭЗЭНий ерөөлийг хүртэгч нэгэн гэжээ. Исаак тэдэнтэй найрлаж тэд идэж ууцгаалаа. Тэгээд тэд өглөө эртлэн босож, бие биедээ тангарагласны дараа Исаак тэднийг явуулж, тэднийхээс тэд амар тайван оджээ. Тэгтэл тэр өдөр түүний зарц нар ирж, ухсан худгийнхаа талаар “Бид ус оллоо” гэж Исаакт мэдүүлэв. Исаак тэр худгийг Шеба гэж нэрлэсэн бөгөөд тиймээс тэр хотын нэрийг өнөөг хүртэл Беершеба гэдэг ажээ. Есав дөчин настайдаа хит хүн Беерийн охин Иудит болон хит хүн Елоны охин Басемат нарыг эхнэр болгон авчээ. Тэд Исаак, Ребека хоёрт сэтгэлийн зовлон болов.