Эхлэл 25:1-34

Эхлэл 25:1-34 АБ2013

Абрахам дахин нэг эхнэр авсан бөгөөд нэр нь Кетура. Тэрээр түүнд Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нарыг төрүүлж өгчээ. Иокшан нь Шеба, Дедан хоёрыг төрүүлжээ. Деданы хөвгүүд нь ашур, летуш, леумчууд болно. Мидианы хөвгүүд нь Ефа, Ефер, Ханох, Абида, Елдаа нар билээ. Эд бүгд Кетурагийн хөвгүүд юм. Абрахам өөрийн хамаг өмчийг Исаакт өгчээ. Абрахам татвар эмсийнхээ хүүхдүүдэд өглөг өгч, өөрийн амьд ахуйд тэднийг хүү Исаакаасаа холдуулан, дорно зүг уруу явууллаа. Абрахамын амьд явсан хоног нэг зуун далан таван жил болжээ. Абрахам сайхан өндөр насыг насалж гүйцээд эцсийн амьсгал хурааж нөгчив. Тэгээд тэр өөрийн хүмүүст нийлж, хүү Исаак Ишмаел хоёр нь түүнийг Мамрегийн өмнө тал дахь хит хүн Зохарын хүү Ефроны талбай дахь Махпела агуйд оршуулжээ. Тэр газрыг Абрахам хитчүүдээс худалдан авсан байв. Абрахам түүний эхнэр Сара хоёрыг тэнд оршуулжээ. Абрахамыг нас барсны хойно түүний хүү Исаакийг Бурхан ерөөж, Исаак Беер-лахаи-роин хавьцаа нутаглан суух болов. Сарагийн шивэгчин египет бүсгүй Хагараас Абрахамд төрүүлж өгсөн хүү Ишмаелын уг угсаа энэ буюу. Хөвгүүдийнх нь нэрс, тэдний төрсөн дарааллаар дараах болой. Ууган хүү Небаиот, удаах нь Кедар, Адбеел, Мибсам, Мишма, Дума, Масса, Хадад, Тема, Иетур, Нафиш, Кедема нар юм. Эдгээр нь Ишмаелын хөвгүүд байсан бөгөөд тосгон ба суурингийнхаа дагуух нэрс нь энэ агаад тэд овог овгийнхоо дагуу арван хоёр ноён байжээ. Ишмаелын амьдралын жилүүд нь нэг зуун гучин долоон жил болсон бөгөөд тэрээр амьсгал хураан өөд болж, өөрийн өвөг дээдэстээ одов. Тэд Ассири хүрэх зам дагуу Египетийн зүүн зүгт орших Хавилагаас аваад Шур хүртэлх нутагт суурьшиж, ах дүүс хоорондоо дайсагналцан суужээ. Абрахамын хүү Исаакийн уг угсаа ийм билээ. Абрахам Исаакийг төрүүлж, Исаак дөчин настайдаа Паддан-Арамын арам хүн Бетуелийн охин, арам хүн Лабаны охин дүү Ребекаг эхнэр болгон авчээ. Эхнэр нь хүүсэр учир Исаак түүний төлөө ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН хариулж, эхнэр Ребека нь жирэмсэлжээ. Хүүхдүүд нь эхийнхээ хэвлий дотор тэмцэлдсэнд —Ингээд байвал би яах вэ? гэж хэлээд, Ребека ЭЗЭНээс асуун залбирахаар одов. ЭЗЭН түүнд —Хэвлий дотор чинь хоёр үндэстэн байна. Биеэс чинь хоёр ард түмэн салж гарах бөгөөд Нэг ард түмэн нь нөгөөгөөс хүчтэй ба Том нь багадаа зарцлагдана гэлээ. Түүнийг төрөх болоход хэвлийд нь ихэр хүүхэд байжээ. Эхнийх нь улаан, бүх бие нь үстэй арьс шиг байсан учир түүнд Есав гэдэг нэр өгчээ. Удаах дүү нь Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учир түүнд Иаков гэдэг нэр өгчээ. Ребека тэднийг төрүүлэхэд Исаак жаран настай байлаа. Хөвгүүд өсөж, Есав гарамгай анчин, хээр талын эр, Иаков нь майхандаа суудаг номхон дөлгөөн хүн болжээ. Исаак, Есавын агнасан ангийн маханд дуртай учир Есавдаа хайртай харин Ребека нь Иаковтаа хайртай байв. Иаковыг шөл буцалгаж байтал Есав хээрээс өлсөж ядран эргэж иржээ. Есав Иаковт —Би өлсөж ядарсан учир чи улаан шөлнөөсөө надад идүүлнэ үү? гэжээ. Иймээс Есавыг Едом гэж дуудах болсон юм. Иаков —Ууган хүү байх эрхээ өнөөдөр надад худалдаач гэсэнд Есав —Би үхэх гэж байна. Ууган хүү байх эрх надад ямар ашигтай юм бэ? гэжээ. Иаков —Өнөөдөр надад тангарагла! гэсэнд Есав түүнд тангараглаж, ууган хүү байх эрхээ Иаковт худалджээ. Иаков түүнд зармагны шөл талхтай өгсөнд тэрээр идэж уугаад, босож явлаа. Есав ууган хүү байх эрхээ ингэж үл тоомсорлов.

Эхлэл 25:1-34-д зориулсан видео