Эхлэл 19:15-26
Эхлэл 19:15-26 АБ2013
Үүр цайх үеэр тэнгэрэлч нар Лотыг яаруулан —Босогтун, энд байгаа эхнэр, хоёр охиноо аваад яв. Эс тэгвээс та нар энэ хотын шийтгэлтэй хамтдаа устгагдах болно гэжээ. Харин Лотыг саатан тээнэгэлзэхэд тэр хүмүүс түүний гараас мөн эхнэрийнх нь болон хоёр охиных нь гараас зууран авч, ЭЗЭН тэдэнд өршөөнгүй хандсан тул тэднийг гадагш гарган, хотын гадна аваачиж тавив. Тэднийг гадагш нь аваачаад нөгөө хүмүүсийн нэг нь —Амийнхаа төлөө зугт! Бүү эргэж хар! Энэ талд бүү үлд! Харин уул уруу зугт! Эс тэгвэл та нар устгагдах болно гэсэнд Лот тэдэнд —Үгүй, эзэн минь! Таны нүдэнд зарц тань тааллыг олж, та энэрэл хайраа надад үзүүлэн амийг минь аварсан ач тань тун их авч би уул уруу зугтаж чадахгүй. Гай зовлон намайг нөмөрч, би үхэх болно. Харагтун, тэр нэг хотод зугтаж очвол ойрхон бас жижиг ч хот юм. Гуйя, намайг тийшээ зугтаалгаач. Тэр жижиг хот биш үү? Тэгвэл би амьд гарна гэв. Тэрээр түүнд —За, би чиний хүсэлтийг хүлээн авч, чиний хэлж байгаа тэр хотыг устгахгүй. Чамайг тэнд очтол Би юу ч хийж болохгүй тул тийшээ бушуухан зугт гэв. Тиймээс тэр хотыг Зоар гэж дуудах болжээ. Лотыг Зоарт орж ирэхэд нар мандсан байв. ЭЗЭН Содом, Гоморра дээр хүхэр ба галыг тэнгэрээс буюу ЭЗЭНээс бороо мэт буулгажээ. Тэгээд Тэрээр тэдгээр хот, тал хөндийг бүхлээр нь, бас хотод амьдарч байсан хамаг амьтан, газрын ургамал бүгдийг хөмрөн сүйрүүлжээ. Харин Лотын ард явж байсан эхнэр нь эргэж хараад давсан багана болчихжээ.