Эхлэл 19:1-29
Эхлэл 19:1-29 АБ2013
Хоёр тэнгэрэлч Содомд үдшээр иржээ. Лот, Содомын гулдан хаалган дээр сууж байснаа тэднийг харж, босон угтаад, нүүрээрээ газарт доош мэхийв. Тэрээр —Харагтун, эзэд минь! Зарцынхаа гэрээр орж, хөлөө угааж, хоноод маргааш өглөө эрт босож аян замдаа гарна уу? гэсэнд тэд —Үгүй, бид гадаа талбайд хононо гэв. Тэгээд Лот тэднээс хүчлэн гуйсанд тэд Лотынд очиж гэрт нь оржээ. Лот тэдэнд хоол унд бэлтгэн, исгээгүй талх барьж өгсөнд тэд идэцгээв. Тэднийг хэвтэхийн өмнө тэр хотын эрчүүд болох Содомын эрчүүд хөгшин залуугүй бүгд тал бүрээс цуглан гэрийг нь бүсэлж, Лотыг дуудан түүнд —Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна вэ? Тэднийг бидэнд гаргаж ир, бид тэдэнтэй хурьцацгаая! гэв. Лот тэдэнтэй уулзахаар гарч ирээд, үүдээ араараа хааж — Ах дүү нар минь ээ гуйя, ийм муухай юм битгий хийгээрэй! Харагтун, надад эр хүнтэй хавьтаагүй хоёр охин бий. Би тэднийг та нарт авчиръя. Та нар тэдэнтэй дураараа л бол. Харин энэ хүмүүс миний гэрт ирж, дээвэр дор минь орсон учир тэдэнд бузар хэрэг бүү хий гэв. Гэтэл тэд —Зайл! гээд —Манай энд цагаачилж ирчихээд бас бидний шүүгч болох нь уу? Одоо бид тэднээс илүү чамайг хорлоно гээд дайран ирж, Лотыг хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөв. Нөгөө хүмүүс нь гараа сунган Лотыг гэрт татан оруулаад хаалгыг хааж, гэрийн үүдэнд байсан хүмүүсийг том багагүй бүгдийг нь юу ч харахгүй болгосонд тэд гэрийн үүдийг олох гээд яджээ. Нөгөө хүмүүс Лотод —Энд танайхнаас өөр хэн хэн байна вэ? Хүргэн, хөвгүүд, охид гээд энэ хотод байгаа өөрийн гэсэн хэнийг ч болов энэ газраас гадагш гарга. Тэдний хашхираан ЭЗЭНий өмнө үлэмж их болсон учир бид энэ газрыг устгана. Үүний учир биднийг ЭЗЭН илгээсэн юм. Тэгээд Лот гадагш гарч, охидыг нь авахаар болсон хүргэддээ —ЭЗЭН энэ хотыг устгах гэж байна. Босогтун, энэ газраас гарагтун! гэв. Харин хүргэд нь түүнийг тоглоом хийж байна гэж боджээ. Үүр цайх үеэр тэнгэрэлч нар Лотыг яаруулан —Босогтун, энд байгаа эхнэр, хоёр охиноо аваад яв. Эс тэгвээс та нар энэ хотын шийтгэлтэй хамтдаа устгагдах болно гэжээ. Харин Лотыг саатан тээнэгэлзэхэд тэр хүмүүс түүний гараас мөн эхнэрийнх нь болон хоёр охиных нь гараас зууран авч, ЭЗЭН тэдэнд өршөөнгүй хандсан тул тэднийг гадагш гарган, хотын гадна аваачиж тавив. Тэднийг гадагш нь аваачаад нөгөө хүмүүсийн нэг нь —Амийнхаа төлөө зугт! Бүү эргэж хар! Энэ талд бүү үлд! Харин уул уруу зугт! Эс тэгвэл та нар устгагдах болно гэсэнд Лот тэдэнд —Үгүй, эзэн минь! Таны нүдэнд зарц тань тааллыг олж, та энэрэл хайраа надад үзүүлэн амийг минь аварсан ач тань тун их авч би уул уруу зугтаж чадахгүй. Гай зовлон намайг нөмөрч, би үхэх болно. Харагтун, тэр нэг хотод зугтаж очвол ойрхон бас жижиг ч хот юм. Гуйя, намайг тийшээ зугтаалгаач. Тэр жижиг хот биш үү? Тэгвэл би амьд гарна гэв. Тэрээр түүнд —За, би чиний хүсэлтийг хүлээн авч, чиний хэлж байгаа тэр хотыг устгахгүй. Чамайг тэнд очтол Би юу ч хийж болохгүй тул тийшээ бушуухан зугт гэв. Тиймээс тэр хотыг Зоар гэж дуудах болжээ. Лотыг Зоарт орж ирэхэд нар мандсан байв. ЭЗЭН Содом, Гоморра дээр хүхэр ба галыг тэнгэрээс буюу ЭЗЭНээс бороо мэт буулгажээ. Тэгээд Тэрээр тэдгээр хот, тал хөндийг бүхлээр нь, бас хотод амьдарч байсан хамаг амьтан, газрын ургамал бүгдийг хөмрөн сүйрүүлжээ. Харин Лотын ард явж байсан эхнэр нь эргэж хараад давсан багана болчихжээ. Абрахам өглөө эрт босоод, ЭЗЭНий өмнө зогсож байсан тэр газартаа очив. Тэрээр Содом, Гоморра болон бүх тал газрыг өнгийн харахад, зуухнаас гарч байгаа утаа шиг утаа бургилж байлаа. Бурхан талын хотыг устгахдаа Абрахамыг дурсан санаж, Лотын сууж байсан хотыг устган сүйрүүлэхдээ Лотыг сүйрлийн дундаас мэнд гаргажээ.