Эхлэл 17:1-14
Эхлэл 17:1-14 АБ2013
Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН, Абрамд үзэгдэж —Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун. Чи бид хоёрын хооронд Би гэрээ байгуулж, Чамайг улам өнөр болгоно. гэв. Абрам нүүрээрээ газар унасанд Бурхан түүнд хандан —Миний хувьд, харагтун, Чамтай байгуулах Миний гэрээ бол: Чи тоо томшгүй олон үндэстний эцэг өвөг болно. Би чамайг олон үндэстний эцэг болгосон учир Үүнээс хойш чамайг Абрам гэж дуудахгүй харин Абрахам гэх болно. Би чамайг улам улмаар үржүүлэн чамаас үндэстнүүдийг бий болгож, чамаас хаад гарах болно. Би чиний мөн чамаас хойших үр удмын чинь Бурхан байхын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёрын болон чамаас хойших чиний үр удмын хооронд, үе үеийнхэнд чинь мөнхийн гэрээ болгон тогтооно. Чиний цагаачилж суугаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний дараах үр удамд чинь Би үүрдийн өмч болгон өгөөд, тэдний Бурхан нь болно гэв. Тэгээд Бурхан, Абрахамд хэлэхдээ —Чи болоод чамаас хойших үр удам чинь үеийн үед Миний гэрээг сахигтун! Эр хүйстэн болгон хозлуулах ёстой. Чи болон чамаас хойших үр удмын чинь сахих ёстой Миний гэрээ энэ юм. Та нар тээрхийн арьсаа тануулагтун! Энэ нь чи бид хоёрын хооронд байгуулсан гэрээний тэмдэг болно. Хойч үеийнхний чинь эр хүйстэн бүр мөн гэрт чинь төрсөн, та нарын үр удмын бус аливаа хүн болон гаднын хүнээс мөнгөөр худалдаж авсан боол ч бай бүгд найм хоногтойдоо хозлуулах ёстой. Чиний гэрт төрсөн нь ч, мөнгөөрөө худалдаж авсан нь ч заавал хозлуулах ёстой. Миний гэрээ та нарын бие махбодод мөнхийн гэрээ болох болно. Хозлуулаагүй буюу тээрхийн арьсаа тануулаагүй эр хүйстэн нь ард түмнээсээ таслагдах болно. Учир нь тэрээр Миний гэрээг зөрчсөн юм гэв.