Эхлэл 1:3-19
Эхлэл 1:3-19 АБ2013
Тэгэхэд Бурхан —Гэрэл бий болтугай! гэж айлдсанд гэрэл бий болов. Гэрэл сайн болсныг Бурхан харж, Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. Бурхан гэрлийг өдөр гэж нэрлээд, харанхуйг шөнө гэж нэрлэлээ. Ийн үдэш болоод, өглөө болсон нь анхны өдөр. Бурхан —Усны дундуур огторгуй байж, ийнхүү усыг уснаас салгатугай! гэж айлдав. Бурхан ингэж огторгуйг бий болгоод, огторгуйн дээрх уснаас огторгуйн доорх усыг салгасанд ёсоор болов. Бурхан огторгуйг тэнгэр гэж нэрлэжээ. Үдэш болоод, өглөө болсон нь хоёр дахь өдөр. Бурхан —Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, ийн хуурай газар ил гартугай! гэсэнд ёсоор болжээ. Бурхан хуурайг нь газар, хуримтлагдсан усыг нь далай гэж нэрлэв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Ингээд Бурхан —Газар нь ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо, доторх үрээ газарт гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь ургуултугай! гэж айлдсанд ёсоор болжээ. Газар нь ийнхүү ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо, доторх үрээ газарт гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь гаргав. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод, өглөө болсон нь гурав дахь өдөр. Тэгээд Бурхан —Өдрийг шөнөөс салгахын тулд тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байх болтугай! Эдгээр нь тэмдэг, улирал, өдөр, жилийн тулд байг. Тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байж газар дэлхийг гийгүүлэг! гэж айлдсанд ёсоор болжээ. Бурхан өдрийг захируулахаар нэг томхон гэрэлтүүлэгч, шөнийг захируулахаар арай багавтар гэрэлтүүлэгч, ийм хоёр том гэрэлтүүлэгчийг мөн оддыг бий болгов. Бурхан тэдгээрээр газар дэлхийг гэрэлтүүлэхээр тэнгэр огторгуйд тавьсан нь өдөр, шөнө хоёрыг захируулах бас гэрлийг харанхуйгаас салгахын тулд ажгуу. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод, өглөө болсон нь дөрөв дэх өдөр.