Езекиел 9:1-11

Езекиел 9:1-11 АБ2013

Тэгээд Тэр миний чихэнд чанга дуугаар хашхиран —Хотыг залхаан цээрлүүлэгчид ээ, хүн бүр сөнөөгч зэвсгээ гартаа бариад ойртон ирцгээ гэж айлдлаа. Харагтун, зургаан эрэгтэй хүн, тусбүр гартаа хэмхлэх зэвсгийг барин хойд зүгт харсан дээд хаалгаар орж ирэв. Тэдний дунд маалинган хувцас өмссөн, бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй нэгэн хүн байв. Тэд орж ирээд, хүрэл тахилын ширээний дэргэд зогсов. Тэгээд херубын дээр байсан Израилийн Бурханы цог жавхлан нь түүнээс дээш хөөрч, сүмийн босгонд ирэв. Тэр бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй, маалинган хувцас өмссөн хүнийг дуудав. ЭЗЭН түүнд —Хотын дундуур, Иерусалимын дундуур явж, энэ дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв. Харин намайг сонсож байхад бусад хүмүүст Тэр айлдсан нь —Түүний араас даган хотын дундуур явж, цохигтун. Нүд чинь өрөвдөж болохгүй, хэлтрүүлж болохгүй. Хөгшчүүл, залуус, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүд ба эхнэрүүдийг ч хүйс тэмтэр. Гэвч тэмдэгтэй хүмүүст бүү хүр. Та нар ариун газраас минь эхлэгтүн. Тийнхүү тэд сүмийн өмнө байсан ахмадуудаас эхлэв. Тэр тэдэнд —Гэрийг бузарлаж, хашаануудыг алагдагсдаар дүүргэ. Явцгаа гэв. Тийнхүү тэд гарч яван хот доторх хүмүүсийг цохиж алав. Тэд цохин алж байхад би ганцаараа үлдэн нүүрээрээ унаад —Аяа, Эзэн БУРХАН, Та Иерусалимын дээр хилэнгээ асгаснаараа Израилийн хамаг үлдэгчийг устгаж байна уу? гэж хашхирлаа. Тэгэхэд Тэр надад —Израиль ба Иудагийн гэрийн хилэнц нь үлэмж их, нутаг нь цусаар дүүрч, хот нь ч гаж зүйлээр дүүрсэн байна. Учир нь тэд “ЭЗЭН энэ нутгийг орхив. ЭЗЭН хардаггүй” хэмээж байна. Миний хувьд, мэлмий минь өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Харин Би байгаа байдлыг нь өөрсдийнх нь толгой дээр буцаана гэв. Дараа нь, харагтун, бүсэлхийдээ бичгийн хэрэглэл бүхий, маалинган хувцас өмссөн өнөөх хүн хэргийг мэдүүлэн —Таны надад тушаасан ёсоор би гүйцэтгэв гэв.