Езекиел 8:1-18

Езекиел 8:1-18 АБ2013

Зургаа дахь оны зургадугаар сарын тавны өдөр би гэртээ сууж, Иудагийн ахмадууд миний өмнө сууж байлаа. Тэр үед Эзэн БУРХАНы мутар тэнд миний дээр буув. Тэгэхэд би харсанд, үзэгтүн, хүний дүртэй төстэй зүйл үзэгдэв. Түүний ууц нуруунаас дооших нь гал мэт, Түүний ууцнаас дээших нь улайссан төмөр мэт гэрэлтэж үзэгдэв. Тэр гарын дүрс мэт юмыг сунган миний толгой дээрх туг үснээс барилаа. Тэгэхэд Бурханы үзэгдлүүдийн дотор Сүнс намайг газар тэнгэрийн хооронд өргөж, Иерусалим уруу авч яван дотор хашааны хойд хаалганы үүдэнд авчрав. Тэр нь атаархал төрүүлэгч атаархлын шүтээний суудал байрлах газар байв. Харагтун, талд миний үзсэн дүрстэй адил Израилийн Бурханы цог жавхлан нь тэнд байв. Тэгээд Тэр надад —Хүний хүү, одоо хойд зүгт нүдээ өргө гэв. Тийнхүү би хойд зүгт нүдээ өргөн харахад, харагтун, тахилын ширээт хаалганы хойд талд үүдэнд атаархлын тэр шүтээн байв. Тэгээд Тэр надад —Хүний хүү чи, тэдний юу үйлдэж буйг буюу Намайг ариун газраас минь хол байлгахаар Израилийн гэрийн энд үйлдэж буй асар их жигшүүрийг харж байна уу? Гэсэн ч чи үүнээс илүү их жигшүүрийг дахин харах болно гэв. Дараа нь Тэр намайг хашааны үүдэнд авчрав. Намайг харахад, тэнд хананд нэг нүх байлаа. Тэр надад —Хүний хүү чи, одоо ханыг нүхэл гэв. Тиймээс би ханыг нүхлэхэд, харагтун, нэгэн үүд байв. Тэгээд Тэр надад —Дотогш орж, тэдний энд үйлдэж буй ёрын жигшүүрүүдийг хар гэлээ. Тиймээс би орж харахад, үзэгтүн, мөлхөгчдийн аливаа хэлбэр, араатан амьтад мэт жигшүүрт зүйлийг Израилийн гэрийн хамаг шүтээнтэй хамт эргэн тойрон дахь ханан дээр сийлсэн байв. Урд нь Израилийн гэрийн далан ахмад мөн дунд нь Шафаны хүү Иаазаниатай зогсож байв. Хүн бүр гартаа бойпор барьж, анхилуун үнэрт утлаган үүл суунаглан байв. Тэгээд Тэр надад —Хүний хүү чи, Израилийн гэрийн ахмадууд харанхуйд, хүн бүр сийлмэл хөргийнхөө өрөөнд юу үйлдэж буйг харав уу? Учир нь тэд “ЭЗЭН биднийг хардаггүй. ЭЗЭН энэ нутгийг орхив” хэмээдэг гэв. Тэр надад —Гэсэн ч чи тэдний үйлдэж буй илүү их жигшүүрийг дахин харах болно гэлээ. Дараа нь Тэр намайг ЭЗЭНий өргөөний хойшоо харсан хаалганы үүдэнд авчирлаа. Харагтун, эмэгтэйчүүд Таммузын төлөө уйлан тэнд сууцгааж байв. Тэр надад —Хүний хүү чи, харсан уу? Гэсэн ч чи эдгээрээс ч илүү их жигшүүрийг дахин харах болно гэв. Дараа нь тэр намайг ЭЗЭНий өргөөний дотоод хүрээнд авчрав. Харагтун, үүдний танхим ба тахилын ширээний хооронд нуруугаа ЭЗЭНий сүмд, нүүрээ зүүн зүгт харуулсан хорин тав орчим хүн ЭЗЭНий сүмийн үүдэнд байлаа. Тэд зүүн зүг тийш наранд мөргөж байв. Тэр надад —Хүний хүү чи, үүнийг харж байна уу? Иудагийн гэрийнхний хувьд энд үйлдсэн жигшүүрт хэргийг үйлдэх нь хэтэрхий хөнгөн байна гэж үү? Тэд бас энэ газрыг хүчирхийллээр дүүргэж, Намайг дахин уцаарлуулсаар байна. Харагтун, тэд хамартаа мөчир хатгаж байна. Тиймээс Би үнэхээр хилэн дотор үйлдэнэ. Мэлмий минь өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Тэд чихэнд минь чанга дуугаар хашхирсан ч Би тэднийг сонсохгүй гэв.