Езекиел 6:1-14
Езекиел 6:1-14 АБ2013
ЭЗЭНий үг надад ирж — Хүний хүү, Израилийн уулсын зүг нүүрээ хандуулан тэдний эсрэг эш үзүүл. “Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс, толгод, жалгууд хийгээд хөндийнүүдэд ингэж айлдаж байна. «Харагтун. Би Өөрөө та нарын дээр илд авчрах гэж байна. Би мөргөлийн өндөрлөгүүдийг чинь устгах болно. Тиймээс тахилын ширээнүүд чинь эвдрэн эцэс болж, утлагат тахилын ширээнүүд чинь бутарна. Би алагдсан хүмүүсийг чинь та нарын шүтээнүүдийн өмнө унагана. Би мөн Израилийн хөвгүүдийн цогцсыг шүтээнүүдийнх нь өмнө тавьж, та нарын яснуудыг тахилын ширээнүүдийн чинь эргэн тойронд тараана. Бүх оршин суух газруудад чинь хотууд балгас болж, мөргөлийн өндөрлөгүүд эвдрэн эцэслэнэ. Энэ нь тахилын ширээнүүд чинь хаягдан эзгүйрч, шүтээнүүд чинь эвдрэн эцэс болж, утлагат тахилын ширээнүүд чинь цавчигдан унаж, ажил үйл чинь арчигдахын тулд юм. Алагдагсад та нарын дунд унахад та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Харин Би үлдэгсдийг үлдээнэ. Та нарыг улсуудын дунд тараасан үед та нараас үндэстнүүдийн дунд илднээс зугтаагсад байх болно. Тэгээд Надаас эргэсэн садар зүрх, шүтээнүүдийнхээ араас садарлах нүднээс чинь болж Миний хэрхэн шаналсныг олзлогдоод хүргэгдсэн үндэстнүүдийнхээ дунд та нарын доторх хэлтрэгсэд санана. Хамаг жигшүүр дотроо үйлдсэн муу муухайгийнхаа улмаас тэд өөрсдийгөө жигших болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэднэ. Би энэ гай гамшгийг тэдэнд учруулна гэж дэмий хэлээгүй. Эзэн БУРХАН айлдаж байна. Алгаа хавсран хөлөө дэвслэн байж, ай хөөрхий! Израилийн гэрийн ёрын жигшүүрт хамаг юмны улмаас илд, өлсгөлөн, тахлаар тэд унах болно! гэж хэл. Хол байгч нь гамшгаар үхэж, ойр байгч нь илдэнд алагдаж, үлдэгсэд нь болон бүслэгдэгсэд нь өлсгөлөнгөөр үхнэ. Ийнхүү Би хилэнгээ тэдэнд гүйцэтгэнэ. Тэдний алагдсан хүмүүс тахилын ширээнүүдийг нь тойроод шүтээнүүдийнх нь дунд, аливаа өндөр толгод дээр, хамаг уулын орой дээр аливаа ногоон модны доор, аливаа навчит царсны доор буюу өөрсдийнхөө хамаг шүтээнд тааламжит үнэрийг өргөсөн газартаа хэвтэх үед та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Тиймээс тэдний оршин суух бүх газар даяар Би мутраа тэдний эсрэг сунгаж, Диблаг чиглэсэн цөлөөс илүүгээр тэр газрыг эзгүйрүүлж зэлүүд болгоно. Ийнхүү тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.»”