Езекиел 5:1-17
Езекиел 5:1-17 АБ2013
Хүний хүү, хурц илдийг авч, үсчний тонгорог болгон толгой, сахлаа шудран хус. Дараа нь жинлэх дэнсийг авч, үсээ хуваа. Бүслэлтийн өдрүүд гүйцэхэд гуравны нэгийг нь хотын дунд галд шатаа. Тэгээд гуравны нэгийг нь авч, хотын эргэн тойронд илдээр цавчиж, үлдсэн гуравны нэгийг нь салхинд хийсгэ. Би тэдний араас илд сугалах болно. Мөн тэднээс цөөн хэдийг авч, нөмрөгийнхөө хормойд уя. Тэднээсээ дахин авч, галд хаяж, галд шатаа. Түүнээс Израилийн хамаг гэрт гал тархана. Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Энэ бол Иерусалим. Би түүнийг үндэстнүүдийн дунд тавьж, улсуудаар хүрээлүүлэв. Гэвч тогтоолуудыг минь үндэстнүүдээс ч илүүгээр, зарлигуудыг минь хүрээлсэн улсуудынхаасаа ч илүү гэм буруугаар тэр эсэргүүцэв. Учир нь тэд тогтоолуудыг минь үл тоомсорлон Миний зарлигууд дотор алхсангүй.” Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Та нар тойрон буй үндэстнүүдээс ч илүү их бужигнаж, Миний зарлигууд дотор үл яван тогтоолуудыг минь эс сахиж, та нарыг тойрч буй үндэстнүүдийн шийдвэрүүдийг сахисан учир” гээд Эзэн БУРХАН ийн айлдаж байна. “Харагтун, Би, чиний эсрэг байж, үндэстнүүдийн нүдний өмнө Би та нарын дунд шүүлт явуулна. Би эдүгээ хүртэл үйлдээгүй, дахин хэзээ ч эс үйлдэх зүйлийг хамаг жигшүүрийн чинь төлөө та нарын дунд үүнийг үйлдэнэ. Тиймээс та нарын дунд эцгүүд хөвгүүдээ идэж, хөвгүүд нь эцгүүдээ идэх болно. Учир нь Би чам дээр шүүлт явуулж, бүх үлдэгсдийг чинь дөрвөн зүгт тараана.” Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би амьд! Чи бүх бузар шүтээн, бүх жигшүүрээрээ ариун газрыг минь бузарласан учир Би чамайг доош унагах бөгөөд Миний мэлмий өрөвдөхгүй, Би өршөөхгүй. Гуравны нэг чинь гай гамшгаар үхэж эсвэл дунд чинь өлсгөлөнгөөр мөхнө. Гуравны нэг нь эргэн тойронд чинь илдэнд унана. Гуравны нэгийг нь Би зүг бүрд тарааж, тэдний араас илд сугална. Ийнхүү уур минь гүйцэж, Би тэднээр хилэнгээ хангаж, Би тайтгарах болно. ЭЗЭН Би зүтгэл дотроо айлдсаныг Намайг хилэнгээ тэдний дээр гүйцээсэн тэр үед л тэд мэдэх болно. Түүгээр ч барахгүй, Би чамайг хажуугаар өнгөрөх бүхний нүдний өмнө, эргэн тойрны чинь үндэстнүүдийн дунд эзгүйрэл, зэмлэл болгоно. Тиймээс Би уур, хилэн ба хилэнт гэсгээлтээр чиний эсрэг шүүлтүүд гүйцэлдүүлэхэд, энэ нь чамайг тойрогч үндэстнүүдэд тохуу, ёжлол, сургамж хийгээд хиртхийлт болно. ЭЗЭН Би айлдлаа. Та нарыг устгахаар Миний явуулах хүмүүсийн сүйрэлд зориулагдаж байсан өлсгөлөнгийн хорт сумыг Би тэдний эсрэг харвах үед Би өлсгөлөнг чинь улам идэвхжүүлж, талхны нөөцгүй болгоно. Би та нарт өлсгөлөн хийгээд хөнөөлт араатныг илгээнэ. Тэд та нарыг хүүхдүүдээс чинь хагацаана. Гай гамшиг, цус урсгалт та нарыг дайран өнгөрч, Би та нарын дээр илдийг авчирна. ЭЗЭН Би айлдлаа” гэв.