Езекиел 48:1-35
Езекиел 48:1-35 АБ2013
Овгуудын нэр нь эдгээр юм. Хойд хязгаараас, Хетлоны замаар Лебохамат уруу Дамаскийн хил дэх Хазар-енаныг хүртэл, Хаматын хажуугаар хойшоо, зүүнээс баруун тийш үргэлжлэх нь Даных бөгөөд нэгэн хувь юм. Даны хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл, Ашерынх бөгөөд нэгэн хувь юм. Ашерын хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Нафталийнх бөгөөд нэгэн хувь юм. Нафталийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Манассегийнх бөгөөд нэгэн хувь юм. Манассегийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Ефраимынх бөгөөд нэгэн хувь юм. Ефраимын хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Реубенийх бөгөөд нэгэн хувь юм. Реубений хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Иудагийнх бөгөөд нэгэн хувь юм. Иудагийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл та нарын тусгаарлах ногдол газар, хорин таван мянган тохой өргөн, урт нь зүүн талаас баруун тал хүртэл нэг хувь газрынхтай адил билээ. Ариун газар нь түүний төвд байх ёстой. Та нарын ЭЗЭНд тусгаарлах ногдол газар нь хорин таван мянган тохой урт, арван мянган тохой өргөн байх ёстой. Ариун ногдол нь эдгээрийн төлөө, тухайлбал тахилч нарын төлөө бөгөөд хойшоо хорин таван мянган тохой урттай, баруун тийш арван мянган тохой өргөнтэй, зүүн тийш арван мянган тохой өргөнтэй, урагшаа хорин таван мянган тохой урттай байх болой. ЭЗЭНий ариун газар нь түүний төвд байх ёстой. Израилийн хөвгүүдийг төөрөх үед левичүүдийн төөрсөн шиг төөрч явалгүй, Миний үүргийг сахисан Задокийн хөвгүүдийн ариусгагдсан тахилч нарт үүнийг зориул. Энэ нь газрын ногдлоос тэдэнд зориулагдсан ногдол буюу ариунаас ариун газар бөгөөд левичүүдийн хилийн дагуу байх ёстой. Тахилч нарын хилийн хажуугаар левичүүдэд хорин таван мянган тохой урт, арван мянган тохой өргөн газар байх болой. Бүх урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянга байх ёстой. Түүнээс гадна, тэд үүнийхээ алийг нь ч худалдаж эсвэл сольж болохгүй. Эсвэл газрын энэ шилмэл хувийг бусдад дамжуулж болохгүй. Учир нь энэ нь ЭЗЭНд ариун. Үлдсэн таван мянган тохой өргөн, хорин таван мянган тохой урт газар нь хотын нийтийн хэрэглээнд, сууц, задгай бэлчээр газруудад зориулагдах болой. Хот нь түүний төвд байх ёстой. Түүний хэмжээ нь эдгээр байх болой. Хойд талд дөрвөн мянга таван зуун тохой, өмнөд талд дөрвөн мянга таван зуун тохой, зүүн талд дөрвөн мянга таван зуун тохой, баруун талд дөрвөн мянга таван зуун тохой байна. Хотод задгай бэлчээр газрууд байх болой. Хойно нь хоёр зуун тавин тохой, өмнө талд хоёр зуун тавин тохой, зүүн талд хоёр зуун тавин тохой, баруун талд хоёр зуун тавин тохой байна. Ариун ногдлын хажуугаар уртаараа үлдсэн газар нь зүүн тал уруу арван мянган тохой, баруун тийш арван мянган тохой байх болой. Тэр нь ариун ногдлын хажуугаар байх ёстой. Түүний ургац нь хотын хөдөлмөрчдийн хүнс болой. Израилийн бүх овгоос гарсан хотын хөдөлмөрчид үүнийг хагалах ёстой. Ариун ногдол нь бүхэлдээ хорин таван мянгыг харьцах нь хорин таван мянган тохой байх болой. Та нар ариун ногдол болох дөрвөлжин талбайг хотын эзэмшилтэй хамт тусгаарлах ёстой. Ариун ногдол мөн хотын эзэмшлийн нэг тал ба нөгөө талд үлдэх газар ноёных болой. Ногдлын хорин таван мянган тохойн урд талд зүүн хил хүртэл баруун тийш, хорин таван мянган тохойн урд талд баруун хил хүртэл, хувиудын хажуугаарх нь ноёных байх болой. Ариун ногдол ба өргөөний ариун газар нь түүний голд байх ёстой. Ноёнд харьяалагдах газрын голд буй левичүүдийн эзэмшил, хотын эзэмшлээс бусад нь, Иудагийн хил, Бениамины хилийн хоорондох бүх юм ноёных байх ёстой. Үлдсэн овгуудын хувьд, зүүн талаас баруун тал хүртэл Бениаминых бөгөөд нэг хувь юм. Бениамины хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Симеоных бөгөөд нэг хувь юм. Симеоны хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Иссахарынх бөгөөд нэг хувь юм. Иссахарын хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Зебулуных бөгөөд нэг хувь юм. Зебулуны хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Гадынх бөгөөд нэг хувь юм. Гадын хилийн хажуугаар өмнө талд урагшаа хил нь Тамараас Мерибат-кадешийн ус, Египетийн горхи ба Их Тэнгис хүртэл байх ёстой. Израилийн овгуудад өв болгон та нарын шавга орхиж хуваах газар энэ юм. Эдгээр нь тэдний хувь гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Хотын гарах хаалга нь эдгээр юм. Хойд тал нь дөрвөн мянга таван зуун тохой хэмжээтэй бөгөөд хотын хаалганууд нь Израилийн овгуудаар нэрлэгджээ. Хойд зүгт гурван гулдан хаалга буюу Реубений гулдан хаалга нэг, Иудагийн гулдан хаалга нэг, Левийн гулдан хаалга нэг байх болой. Зүүн талд дөрвөн мянга таван зуун тохой бөгөөд гурван гулдан хаалга буюу Иосефын гулдан хаалга нэг, Бениамины гулдан хаалга нэг, Даны гулдан хаалга нэг байх болой. Өмнө зүгт дөрвөн мянга таван зуун тохой хэмжээтэй бөгөөд гурван гулдан хаалга буюу Симеоны гулдан хаалга нэг, Иссахарын гулдан хаалга нэг, Зебулуны гулдан хаалга нэг байх болой. Баруун талд дөрвөн мянга таван зуун тохой бөгөөд гурван гулдан хаалга буюу Гадын гулдан хаалга нэг, Ашерын гулдан хаалга нэг, Нафталийн гулдан хаалга нэг байх болой. Хотын тойрог нь арван найман мянган тохой байх ёстой. Тэр өдрөөс хотын нэр нь “ЭЗЭН тэнд” гэж байх ёстой гэв.