Езекиел 44:1-31
Езекиел 44:1-31 АБ2013
Дараа нь Тэр намайг зүүн тийш харсан ариун газрын гадна талын дааман хаалган дээр буцааж авчирсан бөгөөд тэр нь хаалттай байв. ЭЗЭН надад айлдахдаа —Энэ дааман хаалга хаалттай байх ёстой. Энэ нь нээгдэж болохгүй, хэн ч үүгээр орох ёсгүй. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН үүгээр орсон. Тиймээс энэ нь хаалттай байх ёстой. Ноёны хувьд, тэр ЭЗЭНий өмнө талх идэхийн тулд ноён шиг тэнд суух болой. Тэр нь дааман хаалганы үүдний танхимаар орон бас түүгээр гарч явах ёстой гэв. Дараа нь намайг Тэр хойд дааман хаалгаар өргөөний урд дагуулж ирэв. Намайг харахад, үзэгтүн, ЭЗЭНий цог жавхлан нь ЭЗЭНий өргөөг дүүргэсэн байв. Би нүүрээрээ унав. ЭЗЭН надад айлдахдаа —Хүний хүү! ЭЗЭНий өргөөний хамаг тогтоол хийгээд бүх хуулийнх нь талаар Миний чамд айлдах бүгдэд зүрхээ хандуулан нүдээрээ үзэж, чихээрээ сонс. Өргөөний үүд ба бүх гарцад зүрхээ хандуул. Израилийн тэрслүү гэрт чи хэлэхдээ “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Израилийн гэр ээ. Бүх жигшүүр чинь хангалттай. Тухайлбал та нар зүрхэндээ хозлуулаагүй, бие махбоддоо ч хозлуулаагүй гаднынхныг ариун газарт минь байлгахаар тэнд оруулж, түүгээр ч барахгүй Миний хүнс, өөх, цусыг өргөх үедээ өргөөг минь бузарласан бөгөөд хамаг жигшүүрээрээ тэд гэрээг минь хүчингүй болгов. Та нар ариун зүйлсийн минь үүргийг өөрсдөө сахилгүй, харин Миний ариун газрын үүргийг сахиулахаар харь хүмүүсийг тавив.» Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Зүрхэндээ хозлуулаагүй, бие махбоддоо ч хозлуулаагүй аливаа гаднын хүн, Израилийн хөвгүүдийн дунд буй бүх гаднынхнаас нэг нь ч ариун газарт минь орж болохгүй. Харин Израиль төөрч явах үед Надаас холдсон левичүүд, шүтээнүүдийнхээ араас дагаж Надаас төөрсөн тэд хилэнцийнхээ шийтгэлийг үүрнэ. Гэсэн ч тэд өргөөний дааман хаалганд харуул, өргөөнд үйлчлэгч болж ариун газарт минь үйлчилнэ. Тэд ард түмний төлөө шатаалт тахил, нядлах тахилыг нядалж, ард түмэнд үйлчлэхээр тэдний өмнө тэд зогсоно. Тэд шүтээнүүдийнхээ өмнө тэдэнд үйлчилж, Израилийн гэрт хилэнц буруугийн бүдрэх чулуу болсон учраас Би тэдний эсрэг мутраа өргөв. Тэд шийтгэлээ үүрэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Тэд Надад тахилчийн албыг гүйцэтгэхээр Надад ойртохгүй, ариун юмсын минь алинд ч, ариунаас ариун юмсад ч ойртохгүй. Харин тэд доромжлолыг хийгээд үйлдсэн жигшүүрүүдээ үүрнэ. Өргөөний бүх үйлчлэл, тэнд хийгдэх ёстой бүхэнд зориулан Би тэднийг тэндхийн харуулаар томилох болно. Харин Израилийн хөвгүүдийг Надаас төөрч явахад ариун газрын минь үүргийг сахисан Левийн тахилч, Задокийн хөвгүүд Надад үйлчлэхээр Надад ойртох бөгөөд тэд Надад өөх, цусыг өргөхөөр Миний өмнө зогсох болой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Тэд үүргийг минь биелүүлэхийн тулд Надад үйлчлэн ариун газарт минь орж, ширээнд минь ойртох болой. Тэд дотоод хүрээний дааман хаалгаар орохдоо маалинган хувцас өмсөх ёстой. Дотоод хүрээний дааман хаалганууд ба өргөөн дотор тэд үйлчилж байхдаа ноосон хувцастай байх ёсгүй. Толгойд нь маалинган малгай, ууцанд нь маалинган дотуур хувцас байх ёстой. Хөлөргөх аливаа юмыг тэд биедээ өмсөж болохгүй. Тэд гаднах хашааруу, ард түмэн уруу гаднах хашаанд гарах үед үйлчлэлд өмсөж байсан хувцсаа тайлж, ариун танхимуудад тавих ёстой. Хувцсаараа ард түмнийг ариулчихгүйн тулд тэд дараа нь өөр хувцас өмсөх ёстой. Бас тэд толгойн үсээ хусах ёсгүй боловч туг үснүүдээ урт ургуулж болохгүй. Толгойн үсээ зөвхөн тайрах ёстой. Тахилч нарын хэн нь ч дотоод хүрээнд орох үед дарс ууж болохгүй. Тэд бэлэвсэн эсвэл салсан эмэгтэйтэй гэрлэх ёсгүй. Харин Израилийн гэрийн үр удмаас онгон охидыг эсвэл тахилчийн бэлэвсэн эхнэрийг авах ёстой. Түүнээс гадна тэд ард түмэнд минь ариун ба эгэл жирийний хоорондох ялгааг зааж, бузар ба цэврийг хооронд нь ялгах чадвартай болгох ёстой. Маргаанд тэд шүүхэд байраа эзлэх ёстой. Тэд үүнийг Миний шүүлтийн дагуу шүүх ёстой. Тэд хамаг товлосон баяр дээр минь хууль, зарлигуудыг минь сахиж, Амралтын өдрүүдийг минь ариусгах ёстой. Тэд үхсэн хүнд ойртож биеэ бузарлах ёсгүй. Харин эцэг, эх, хүү, охин, ах дүү эсвэл нөхөрт гараагүй эгч, дүүгийнхээ төлөө тэд өөрсдийгөө бузарлаж болно. Тэр цэвэршүүлэгдсэний дараа түүнд зориулан долоо хоногийг тоолох ёстой. Тэр ариун газарт үйлчлэхийн тулд дотоод хүрээнд ариун газарт орох өдрөө нүглийнхээ тахилыг өргөх ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Өвтэй хамаатай нь энэ билээ. Би өв нь юм. Та нар тэдэнд Израильд ямар ч эзэмшлийг өгөх ёсгүй. Би эзэмшил нь юм. Тэд идээн өргөл, нүглийн тахил, ялын тахилыг идэх бөгөөд Израиль дахь аливаа хориг болсон зүйл тэднийх болой. Төрөл бүрийн бүх анхны үр жимсний дээж нь, бүх хандив дотроос чинь төрөл бүрийн аливаа хандив нь тахилч нарт зориулагдах ёстой. Гэрийн чинь дээр ерөөлийг буулгахын тулд та нар зуурсан гурилынхаа дээжийг ч бас тахилчид өгөх ёстой. Үхдэл юмуу сэгчүүлж тасчуулсан аливаа шувуу эсвэл амьтныг тахилч нар идэх ёсгүй.