Езекиел 43:1-27
Езекиел 43:1-27 АБ2013
Дараа нь тэр зүүн зүгийг харсан дааман хаалган дээр намайг дагуулж ирэв. Харагтун, Израилийн Бурханы цог жавхлан зүүн зүгээс ирж байв. Түүний дуу нь их усны чимээ мэт агаад дэлхий Түүний цог жавхланд гэрэлтэв. Энэ үзэгдэл нь хотыг устгахаар Түүнийг ирэх үед миний үзсэн үзэгдэлтэй адилхан бөгөөд Хебар голын дэргэд миний үзсэн үзэгдэлтэй адил байсан тул би нүүрээрээ хөсөр унав. ЭЗЭНий цог жавхлан нь зүүн тийш харсан дааман хаалгаар өргөөнд орж ирэхэд Сүнс намайг өргөж, дотоод хүрээнд авчрав. Харагтун, ЭЗЭНий цог жавхлан өргөөг дүүргэв. Дараа нь миний хажууд нэг хүн зогсож байх зуур өргөөнөөс хэн нэгэн надад өгүүлэхийг би сонсов. Тэр надад —Хүний хүү! Энэ бол Израилийн хөвгүүдийн дунд мөнхөд орших газар минь буюу Миний сэнтийний газар, хөлийн минь ул гишгэх газар юм. Израилийн гэр болох тэд ч, тэдний хаад ч садарлал ба үхсэн хаадынхаа хүүрээр ариун нэрийг минь дахин бузарлахгүй. Тэд босгоо Миний босгоны дэргэд, хаалганы хүрээгээ Миний хаалганы хүрээний дэргэд босгосноор Миний ба тэдний хооронд хана бий болгосон бөгөөд тэд үйлдсэн жигшүүрүүдээрээ ариун нэрийг минь бузарлав. Тиймээс Би уур дотроо тэднийг шатаав. Одоо тэд садарлал ба хаадынхаа хүүрийг Надаас маш хол зайлуулаг. Би дунд нь мөнхөд орших болно. Хүний хүү чиний хувьд, Израилийн гэрийнхэн хилэнц буруугийнхаа улмаас ичихийн тулд тэдэнд сүмийг дүрслэгтүн. Тэдэнд загварыг хэмжүүл. Тэд хийсэн бүхнээсээ ичих аваас тэдэнд өргөөний загвар, түүний бүтэц, гарах орох үүд, хамаг загвар ба хамаг тогтоол, хамаг загвар ба хамаг хуулийг нь мэдүүл. Тэд бүхэл загвар, хамаг тогтоолыг нь сахин үйлдэхийн тулд нүднийх нь өмнө үүнийг бич. Өргөөний хууль нь энэ буюу. Уулын орой дээрх эргэн тойрны бүх газар нь ариунаас ариун байх ёстой. Харагтун, өргөөний хууль нь энэ буюу. Тахилын ширээний, тохойгоор хэмжих хэмжээсүүд нь энэ буюу. (Нэг тохой дээр алганы эн нэмснийг тохой гэнэ.) Суурийн өндөр нь нэг тохой, өргөн нь нэг тохой, хүрээ эмжээр нь нэг сөөм байх болой. Энэ нь тахилын ширээний суурийн өндөр болой. Газар дээрх сууриас доод булан хүртэл хоёр тохой, өргөн нь нэг тохой байх болой. Бага булангаас их булан хүртэл дөрвөн тохой, өргөн нь нэг тохой болой. Тахилын ширээний зуух нь дөрвөн тохой, тахилын ширээний зуухнаас дээш дөрвөн эвэр гарсан байв. Тахилын ширээний зуух нь арван хоёр тохой урт, арван хоёр тохой өргөн тэг дөрвөлжин байх болой. Булан нь дөрвөн талдаа арван дөрвөн тохой урт, арван дөрвөн тохой өргөн, тойрох зах нь хагас тохой, суурь нь эргэн тойрондоо нэг тохой, гишгүүрүүд нь зүүн зүгт харсан байна гэв. Тэр надад айлдахдаа —Хүний хүү! Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Дээр нь шатаалт тахилыг өргөж, түүн дээр цус цацахын тулд тахилын ширээг босгох өдөрт түүнд зориулсан тогтоолууд энэ юм. Надад үйлчлэхээр Надад ойртох, Задокийн үр удмаас гаралтай тахилч левичүүдэд нүглийн тахилд залуу бухыг чи өгөх ёстой” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Чи түүний цуснаас хэсгийг авч, түүнийг тахилын ширээний дөрвөн эвэр мөн булангийн дөрвөн өнцөг, тойрох захад түрхэгтүн. Ийнхүү чи тахилын ширээг цэвэршүүлж түүний төлөө эвлэрүүллийг үйлдэх ёстой. Нүглийн тахил болох бухыг чи бас авах ёстой. Тэр нь ариун газрын гадна, өргөөний тогтоосон газарт шатаагдах ёстой. Хоёр дахь өдөрт согоггүй ухныг нүглийн тахил болгон өргөгтүн. Тэд бухаар тахилын ширээг цэвэршүүлсний адил цэвэршүүлэх ёстой. Түүнийг цэвэршүүлж дуусаад согоггүй бухыг, бог малаас согоггүй хуцыг чи өргөх ёстой. Тэдгээрийг ЭЗЭНий өмнө авчирч, тахилч нар эдгээрийн дээр давс цацаж, шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөх ёстой. Долоо хоногийн турш нүглийн тахилд өдөр бүр ямаа бэлтгэ. Бас согоггүй бух, бог малаас хуц бэлтгэгдэх ёстой. Долоо хоногийн турш тэд тахилын ширээний төлөө эвлэрүүллийг үйлдэж, түүнийг ариусгаж, тийнхүү тэд түүнийг ариусгах ёстой. Энэ хоногуудыг дуусгахад найм дахь өдөр ба түүнээс хойш тахилч нар тахилын ширээн дээр шатаалт тахилууд ба эвийн тахилуудыг чинь өргөх ёстой. Би та нарыг хүлээн авах болно” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв.