Езекиел 42:1-20

Езекиел 42:1-20 АБ2013

Тэгээд тэр хойд зүгийг чиглэн намайг гаднах хашаанд авчирлаа. Тэрээр тусгаарлагдсан талбай мөн барилгын харалдаа орших хойд зүгийг чиглэсэн танхимд намайг дагуулж ирэв. Зуун тохой түүний уртынх нь дагуу явахад хойд үүд байлаа. Өргөн нь тавин тохой байв. Дотоод хүрээнд хамаарах хорин тохойны эсрэг талд мөн гаднах хашаанд хамаарах засмал замын эсрэг талд гурван давхар дахь хонгилтой харалдаа хонгил байв. Танхимуудын өмнө арван тохой өргөнтэй, зуун тохой урттай дотоод зам байв. Тэдгээрийн орох үүднүүд нь хойд талд байв. Байшин дахь доод, дунд давхрын танхимуудаас илүү их зайг хонгилууд эзэлсэн тул дээд давхрын танхимууд илүү бага байв. Эдгээр нь гурван давхраар орших бөгөөд хашааны баганатай адил ганц ч багана байсангүй. Тиймээс дээд давхрын танхимууд нь доод, дунд давхрынхаас арай бага байв. Танхим уруу харсан гаднах хашаа тийш чиглэсэн гаднах хэрмийн хувьд, түүний урт нь тавин тохой байв. Учир нь гаднах хашаанд байсан танхимуудын урт нь тавин тохой байв. Харагтун, сүм уруу харсан танхимуудын урт нь зуун тохой байв. Эдгээр танхимуудын доод талд нь гаднах хашаанаас тэдэн уруу орох үүд шиг тийм үүд зүүн талд нь байв. Тусгаарлагдсан талбай мөн байшин уруу харсан, зүүн зүгт чиглэсэн хашааны хэрмийн өргөн дотор нь танхимууд байв. Өмнөх зам нь хойд талын танхимуудын байдалтай адил, тэдгээрийн урт, өргөний дагуу мөн бүх гарц нь байгууламж ба үүднүүдийн дагуу байв. Танхимуудын өмнө зүгийг чиглэсэн орох хаалгануудтай адил замын эхэнд үүд байсан ба тэдгээрээр ороход зам нь зүүн зүгт чиглэсэн хэрмийн урд талд байв. Дараа нь тэр надад —Тусгаарласан талбайн харалдаа буй хойд танхимууд ба өмнөд танхимууд нь ЭЗЭНд ойртох тахилч нарын ариунаас ариун юмсыг идэх ариун танхимууд юм. Тэр газар ариун тул тэнд тэд ариунаас ариун юмс, идээн өргөл, нүглийн тахил, ялын тахил зэргийг тавих болой. Тахилч нар дотогш орвол үйлчлэхдээ өмссөн хувцсаа тэнд нь тайлж орхилгүйгээр ариун газраас гаднах хашаа уруу гарах ёсгүй. Учир нь тэдгээр хувцас нь ариун юм. Тэд өөр хувцас өмсөх ёстой. Дараа нь тэд ард түмэнд ойртож болно гэв. Тэр доторх сүмийг хэмжиж дуусаад намайг зүүн зүгийг харсан дааман хаалганд гадагш авчирч, эргэн тойрныг бүхэлд нь хэмжив. Тэр хэмжих саваагаар зүүн талыг хэмжихэд тэр нь хэмжих саваагаар таван зуун тохой болов. Тэр хойд талыг хэмжихэд тэр нь хэмжих саваагаар таван зуун тохой байв. Өмнө талд тэр хэмжих саваагаар таван зуун тохойг хэмжив. Тэрээр баруун тал уруу эргээд, хэмжих саваагаар таван зуун тохойг хэмжив. Тэр түүнийг дөрвөн талд нь хэмжив. Энэ нь ариун ба бузрыг хооронд нь ялгахаар эргэн тойронд хэрэмтэй бөгөөд урт нь таван зуу, өргөн нь таван зуун тохой байв.